СҮХБААТАР: Хагас жилийн мал тооллогод 1842 өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-30 17:33:56

Баруун-Урт /МОНЦАМЭ/. 2023 оны хагас жилийн мал тооллого өнөөдөр орон даяар эхэлж байна. Хагас жилийн тооллого нь түүврийн аргаар малчин өрхийг сонгодог бөгөөд тус аймгийн хэмжээнд нийт 1842 өрх тооллогод хамрагдахаар сонгогджээ.

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 1,9 сая толгой мал хорогдоод байсан бол Хэнтий, Сүхбаатар аймагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас малын хорогдол дахин нэмэгдэж байгаа. Зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд 300 гаруй мянган толгой мал шуурганы улмаас хорогдсон. Тиймээс малын хорогдол ихтэй аймгуудад Үндэсний статистикийн хорооноос хяналтын баг ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар аймагт Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагаар ахлуулсан баг ажиллаж байна. Тооллогыг зохих журмын дагуу, цаг хугацаанд нь чанартай явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, малын индексжүүлсэн даатгалын хамрагдалт, хэрэгжилт цаашид даатгалын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах талаар мэдээлэл цуглуулах нь хяналтын багийн зорилго юм.


Хяналтын болон тооллогын хамтарсан баг өнөөдөр Баруун-Урт сумын 8 дугаар багт ажиллалаа. Тус сум 1000 гаруй мал бүхий болон малчин өрхийн 500 гаруй мянган малтай. Өнгөрсөн цасан шуурганд бүх өрх өртөж 60-700 хүртэлх тооны малаа алджээ. Одоо ч айл бүр малын эрэлтэй байна. Тиймээс мал тооллогын ажил удаашрах, нэг айлаар хэд дахин эргэх, мал нь бүрдэхийг хүлээхээс эхлээд тоологчдод хүндрэл учрах төлөвтэй байна. Гэхдээ улсын хяналтын баг орон нутагт ажиллаж нөхцөл байдалтай танилцаж байгаа нь давуу талтай байна гэдгийг сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн Н.Гантөмөр хэллээ.

Баруун-Урт сумаас 289 өрх, нэг ААНБ тооллогод хамрагдана.

Үндэсний статистикийн хороо, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдтэй хамтран тооллогыг 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж дуусгана. Сүхбаатар аймагт тооллогын 60 баг ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ