Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-30 16:22:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дээрх санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх тооцоололд Монгол Улсад байгаа боломжуудаа бүрэн дайчилж, төлөвлөхгүй байгаа талаар шүүмжилж, 2021, 2022 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг харьцуулсан мэдээллийг дурдсан юм. Монгол Улсын хувьд байгалийн баялгаа зөв менежментээр ашиглаж чадвал өндөр үр дүнд хүрэх, орлогыг бүрэн дайчилж бүтээн байгуулалтууд хийх боломжийг ашиглахтай холбоотой санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгээс хариулахдаа, төсөлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь хэмээн тооцсон. ДНБ 65.4 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон бөгөөд энэ тооцооллыг 2022, 2023 оны гүйцэтгэл дээр суурилж тооцсон байна. 2022 онд 46.5 их наяд төгрөг хэмээн батлуулсан бол гүйцэтгэлээрээ 52.8 их наяд төгрөг буюу 6 их наяд төгрөгийн өсөлттэй байсан аж. Энэ оны төсвийг батлуулахдаа 56 их наяд төгрөгөөр тооцсон, үүнд суурилан ирэх онд ДНБ 10 орчим их наяд төгрөгөөр тэлж 65 их наяд төгрөгт хүрэх боломжтой хэмээн тооцоолж, төсөлд тусгасан байна. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэдгийг ажлын хэсгээс онцлоод ирэх онд энэ үзүүлэлтийг ахиулах, ханшийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж чадвал бодит өсөлт болох боломжтой гэдэг тооцооллыг хийснээ тайлбарласан. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг төлөвлөхдөө гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан тооцсон байна. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, хэлэлцүүлгийн явцад тусгагдсан саналуудтай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүжилт нь төсөл дэх 2024 оны шинэ хөрөнгө оруулалтын дүнгээс давахуйц байгааг гэдгийг тодотгоод энэ талаар тодруулсан. Гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгасан, гэхдээ 2024 оны улсын төсвийн төслийг төлөвлөхдөө эдгээрийг эрэмбэлж, холбогдох шаардлагад нийцүүлэн төлөвлөнө гэдэг хариултыг Б.Баттөмөр гишүүн өгсөн. Мөн санхүүжилтийг нь эхлүүлж, он дамнан үргэлжилж байгаа зарим нэг төсөл төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэр заагдаагүй, үлдсэн байгааг Ж.Батжаргал гишүүн сануулж, тодорхой төслүүдийн талаар лавлав. Нэгэнт ажлыг эхлүүлсэн, санхүүжилтийг нь өмнөх онуудад төсөвлөөд, үргэлжилж байгаа төслүүдийг дуусгах зарчмыг Засгийн газар баримталж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлээд, тухайлан лавласан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг холбогдох журам, шаардлагад нийцүүлэн боловсруулж, төлөвлөх талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарлага, зардлын талаарх гишүүний асуулттай холбогдуулан Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар тайлбар өгсөн. УИХ-ын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцыг хэрхэн бууруулах талаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эргэлтэд оруулах, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийлсэн. Тэрбээр оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11.3 хувь байсан бөгөөд үүнийн 42 хувь нь цэвэр хүнсний инфляц гэдгийг тодотгов. Энэ дунд махны үнэ өндөр байгаа нь их нөлөө үзүүлж байгааг тэмдэглэсэн. 70 сая малтай улс атлаа махны үнэ он гарснаас хойш 18 хувиар өссөн байгаа нь анхаарууштай асуудал болохыг сануулав. Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа ч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байгаа тул нийлүүлэлтийн шинэ механизм бий болгох, махны бүсчилсэн сүлжээний зангилаа (hub) үүсгэх  саналыг хэлж байв.


УИХ-ын гишүүн Г.Дамдинням, төсөл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөлт болон ядуурлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Төсөлд өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан хэмээн ажлын хэсэг хариулав. Энэ онд 55.211 ажлын байрны захиалга бий болно хэмээн төлөвлөсөн байсныг дурдаад хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд 60 мянган ажлын байр бий болно гэдэг төлөвлөлт, тооцооллыг танилцуулсан юм. Ийнхүү гишүүд дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.


Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 41 гишүүний 73.2 хувь нь дэмжин баталлаа. 

Холбоотой мэдээ