ТӨВ: “XX зууны манлай хурд” музей үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-30 16:43:54

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцагаан суманд “ХХ зууны манлай хурд” музей зуны эхэн сарын шинийн наймны билигт сайн өдөр нээлтээ хийв. Тус музей нь Баянцагаан сумын хурдан морьд, алдар цолтой уяачдын эд зүйлс, шагналыг багтаасан нийт 30 гаруй үзмэртэй.


Төв аймагт орон нутаг судлах танхим 26 байдаг бол Бүрэн суманд Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн музей, Угтаалцайдам суманд Д.Хадбаатар аваргын гэр музей байдаг бөгөөд ийнхүү Баянцагаан суманд албан ёсны музейг нэгээр нэмж байгаа юм.


Тус музейн зорилго, ач холбогдлын талаар Морин спорт уяачдын холбооны мэргэжилтнээс тодруулбал,

“Монголчууд эрт дээр үеэс хүлэг морьдоо дээдлэн хүндэтгэж ирсэн. Энэ ч заншлаараа эрийн гурван наадмаараа гоёж, улс орныхоо тусгаар тогтнолыг бэлгэддэг ард түмэн билээ. Харин энэхүү ёс уламжлалыг хадгалан хамгаалж, өвлөн уламжлах зүйлсийг үлдээхийн тулд түүхээ мэддэг ирээдүйг бүтээх ёстой. Иймд бид бүхэн ирээдүй хойч үе минь түүхээ үеийн үед санаж байх бодит зүйлсийг бий болгох зорилготой. Цаашдаа музейн үйл ажиллагаа улам өргөжин тэлж, илүү олон түүхийг өгүүлэх гол хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв. 


Холбоотой мэдээ