ХӨВСГӨЛ: Уушгийн өврийн буган чулуун хөшөө, шороон хэрмийн газрын дэвсгэр зураглалыг дроноор хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-26 13:25:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт буй Шороон хэрэм, Уушгийн өврийн буган чулуун цогцолбор хөшөөний 3D зураглал, газрын дэвсгэр зураглалыг Япон, Монголын эрдэмтэд хамран дроноор хийж гүйцэтгэсэн  байна.

 

Тус багт ШУА-ийн Археологийн  хүрээлэнгийн доктор Л.Ишцэрэн, доктор Б.Анхбаяр, Д.Накамүра Япон улсын Сайтама Их сургуулийн багш, доктор, И.Үсүки Хоккайдо Гакүин Их сургуулийн багш, доктор, Тоокай Их сургуулийн багш, доктор, К.Кияма нар оролцсон бөгөөд тус газруудыг цаашид судлахаар төлөвлөж байгаа аж.

Монгол Улс буган чулууны соёлыг дэлхийн өвд бүртгүүлэхээр 2014 онд Дэлхийн Өвийн хороонд нэр дэвшүүлж, тухайн жилдээ “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн конвенцын урьдчилсан жагсаалтад багтсан байдаг.


Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евроазийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг. Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалийн хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна.


Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвөөс зүүн урагш Эрчмийн нурууны ар Загзуугийн аманд 163 метр урттай, 136 метр өргөнтэй, 18 метр урт хаалгатай дөрвөлжин шороон хэрэм цайзын туурь байдаг. Шороон хэрэм цайз нь нэлээн өндөр байсан бололтой, он удаан жил улирахад газартаа тэгшрэхгүй одоо бараг 2 метр орчим өндөр байна. Шороон хэрэм цайз нь дөрвөлжин хэлбэртэй, дөрвөн булан гурван талдаа харуулын цамхагтай, зүүн талдаа хаалгатай байсан ул мөр байдаг. Хэрмийн дотор ямар нэгэн барилга байгууламж байсан ул мөр хөрсний байдлаас мэдэгдэхгүй байгаа юм.

Тус хэрмийг тусгайлан ухаж малтаж судалгаа хийгээгүй боловч түүх сударт бичигдсэнээр "Юань улсын үеийн Эрчүүгийн балгасны үлдэгдэл  мөн" гэж  нэрт эрдэмтэн Х.Пэрлээ, доктор Д.Майдар, Д.Баяр нар үзсэн байна.  

Холбоотой мэдээ