Wells Fargo банк ажилтнуудаа бөөнөөр нь халав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-09 14:10:56

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн хамгийн том банкуудын нэг болох Wells Fargo-гийн удирдлага 5300 ажилтнаа ажлаас нь халжээ. Учир нь, эдгээр халагдсан хүмүүс үйлчлүүлэгчидтэй харилцах дүрэм журмыг ноцтой зөрчиж, үйлчлүүлэгчдийнхээ зөвшөөрөлгүйгээр тэдний нэр дээр данс нээж байсан гэнэ.

Үүнтэй холбогдуулан эрх баригчид тус банкинд 185 сая долларын торгууль ногдуулжээ. Лос-Анжелес хотын прокурорын газраас мэдэгдсэнийг үзвэл, Wells Fargo-гийн ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ зөвшөөрөлгүйгээр тэдний нэр дээр данс нээж байснаас гадна зарим төрлийн үйлчилгээг авахыг тэдэнд тулгаж байсан аж.

СNN телевизийн мэдээлснээр бол, халагдсан 5300 ажилтнууд нь дэлхий даяар салбаруудтай тус банкны нийт ажилтнуудын 1 хувь нь ажээ.

“Уолл Стрийт Жорнэл” сонинд бичсэнийг үзвэл, Wells Fargo банкны ажилтнууд сүүлийн хэдэн жилийн хугацаанд үйлчлүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр зээлийн картанд холбогдсон 2 сая гаруй данс нээсэн байна. Тэр ч бүү хэл, үйлчлүүлэгчдийнхээ хуучин данснаас шинэ данс руу нь дур мэдэн мөнгө шилжүүлж байжээ.

Түүнээс гадна, цахим шуудангийн хуурамч хаягнуудыг бий болгон шинэ онлайн үйлчилгээтэй холбож байсныг Америкийн Санхүүгийн системийн хамгаалалтын товчоо гэдэг байгууллага илрүүлсэн байна.   

Энэ бүхэнтэй холбогдуулан Wells Fargo банкны удирдлага хэрэглэгчдээсээ хүлцэл өчжээ.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ