СҮХБААТАР: Уурхайн тээвэрлэлтийг нутгийн иргэд эсэргүүцэж зам хаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-24 13:43:28

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог бүх компанийн тээвэрлэлт Эрдэнэцагаан сумын нутгаар өнгөрдөг. Сумын баруун, зүүн талаар өдөрт 4-5 уурхайн 200 орчим том оврын машин тээвэрлэлт хийдэг. Ингэж олон тооны машин өдөр бүрийн давтамжтай явах нь маш их тоосжилтыг бий болгоод зогсохгүй энэ нь иргэдийн эрүүл мэнд, малын чанарт сөргөөр нөлөөлж буй учир нутгийн иргэд тээвэрлэлтийг эсэргүүцэж, замыг нь хаажээ.

Тэд хамгийн гол нь тээвэр хийж буй компанийг зориулалтын авто замаа тавихыг шаардаж байна. Үүний өмнө тоосжилт үүсгэхгүйн тулд 15 машин тутамд замаа усалж байхыг мөн шаардаж байгаа юм. Энэ шаардлагыг нутгийн иргэд, малчид удаа дараа тавьж байгаа. Гэвч тээвэр хийдэг компаниуд иргэдийн шаардлагыг хэт үл ойшоосноос замаа хаалгах дээрээ тулсан нь энэ. Жолооч нар ч нутаг оронд нь хүний сэтгэлээр ханддаг, дураараа зам гаргадаг, дуртай газраараа явдаг. Тиймээс эсэргүүцэл ийн хурцадсан бөгөөд иргэд тодорхой шийдвэр гартал эсэргүүцлээ зогсоохгүй, замаа нээхгүй гэдгийг хэлж байлаа. Тэдний энэ эсэргүүцлийг орон нутгийн удирдлагууд ч хүлээн зөвшөөрч, тээвэрлэгч компанийн удирдлагуудтай уулзаж, тодорхой шийдэлд хүрэх, цаашлаад иргэд малчдын шаардлагыг биелүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Эрдэнэцагаан бол Сүхбаатар аймгийн хамгийн том буюу 8000 гаруй хүн амтай, хилийн сум гэдгээрээ онцлог. 


Холбоотой мэдээ