Монгол орны 700 мянга гаруй га талбай ойн хөнөөлт шавжид өртөөд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны ойн
сан газар нутгийн 7.9 хувийг эзэлдэг. Үүнээс 737 мянган га талбай ойн хөнөөлт
шавжид өртөөд байгаа тул эхний ээлжинд энэ онд 100 мянган га талбайд биобэлдмэл
цацаж устгахаар “Томас эйр” компанийн бага оврын онгоцыг нисгэж эхэллээ.
Ингэхдээ “Эрүүл ой” төслийн хүрээнд Ойн газраас өнгөрсөн намар, өвөл ой бүхий 8-10 аймаг, Улаанбаатар орчимд хөнөөлт шавжийг судалсны дүнд голомтолсон газруудад биобэлдмэл цацах юм. Нэг модонд 100-гаас дээш шавж байвал голомт үүссэн гэж үздэг бөгөөд шавжны төрөл зүйлээс хамаараад устгалыг 6, 7, 8 дугаар сард хийдэг. Нэг тонн бактерийн бэлдмэлээр 330 га талбайн хортон шавжийг устгадаг. Монгол орны ойд Сибирийн хүр эрвээхий өргөн тархаж, модны ногоон хэсэг, навч шилмүүсээр хооллон, 250-1000 авгалдай гаргадаг аж.
БОАЖЯ, “Рио Тинто Монгол” ХХК, Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран Монгол орны ойн хөнөөлт шавжтай тэмцэх “Эрүүл ой” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд 2025 он хүртэл хөнөөлт шавжид өртөж доройтсон 300 мянга га ойд биологийн бэлдмэл ашиглан олон улсын шинэлэг арга техник ашиглах замаар тэмцэж, 1.1 тэрбум модыг аврах юм. Мөн ойг урт хугацаанд хөнөөлт шавжаас хамгаалах хөтөлбөр боловсруулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, манай улсын ойн мэргэжилтний чадавхыг сайжруулахад ч анхаарч байна.
Түүнчлэн, хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж, Итали улсад үйлдвэрлэсэн Cifarelli M1200 загварын үүргэвчин шүршигч 100 ширхгийг ашиглахаас гадна хүр эрвээхийн өндгийг механик аргаар хусаж цэвэрлэх ажлыг үр дүнтэй гүйцэтгэхийн тулд шар буурцгийн тос зэргийг ашиглах арга нэвтрүүлж байна.
“Энгийн үед ой модонд шавж байдаг л зүйл. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ойн экосистемийн эсэргүүцэл суларснаас шавж өсөж олшрох таатай нөхцөл бүрдсэн. БОАЖЯ-ны судалгаагаар, сүүлийн 2 жилд цар тахлын хөл хорионы улмаас ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хойшилж, үр дүн муу байснаас 2022 онд хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүрч, ойн санг доройтуулж, 2 тэрбум мод хөнөөлт шавжид өртсөн. Агаараас биобэлдмэл цацаж ойн хортонг устгах нь богино хугацаанд их талбайг хамарч, үр дүнтэй нь нотлогдсон арга юм. Шавж устгасны дараа эргээд үр дүнгээ үнэлж дүгнэнэ” гэж Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэллээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ойн санг хамгаалах нь чухал байна. БОАЖЯ, “Рио Тинто Монгол” ХХК өнгөрсөн оны 6 дугаар сард уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Төслийн хүрээнд ойг хөнөөлт шавжаас аврах, хамгаалах, судалгаа шинжилгээ хамтран хийнэ. “Рио Тинто Монгол” ХХК төсөлд 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, Монгол орны ойн санг хамгаалах, боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэгт тэргүүлэн оролцож байгаа”-г тэмдэглэв.
"Рио Тинто Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Мод тарих чухал ч байгаагаа хамгаалах нь түүнээс ч илүү юм. Манай компани 2050 он гэхэд бизнесийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулж, ялгарал, шингээлтийн харьцааг тэглэхийг зорьж байна. Энэ хүрээнд Монгол орны ой модыг хамгаалах төслийг хамтран хэрэгжүүлж байгаа” гэлээ.
ОУБХН-ийн
хөтөлбөрийн төлөөлөгч Пол Рийс, “Монгол орны ойн нөөцийг хадгалж хамгаалахад манай
байгууллага дэлхийн түвшний мэргэжилтнүүдээ ажиллуулж байна. Ойн хөнөөлт
шавжтай тэмцэхэд туршлагаар батлагдсан олон улсын шилдэг арга зүй, хиймэл оюун
ухаанд суурилсан earthranger
программ нутагшуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэхэд анхаарна” хэмээв.