ХОВД: Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-20 13:06:54

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт зохион байгуулж буй 2023 оны Улсын аварга шалгаруулах Шатрын тэмцээний нээлт өнөөдөр болж байна.   

Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний шилдэг 24 оролцогч болон 5 шүүгч, аймгийн удирдлагууд, шатрын спортыг сонирхогчид, иргэдийн төлөөлөл энэхүү үйл ажиллагаанд өргөнөөр оролцлоо. 

Шатрын спортын төрлийг сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг хөгжүүлэхэд дээрх тэмцээний зорилго чиглэх бөгөөд 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тэмцээний үйл ажиллагаа, шилдэг тоглолт, өргийг цахимаар дамжуулж, гадаад, дотоодын иргэдэд Ховд аймгаа сурталчлах юм.  

Улсын хэмжээнд шатрын спортын төрлөөр олон улсын зэрэглэл, цол хүртсэн тамирчид олон бий. Үүний дотроос 10 гаруй их мастер цолтон нь Ховдын гаралтай тамирчид юм.   

Энэ удаа Шатрын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцогчдын 20.8 хувь нь Ховд аймгийн гаралтай тамирчид байна.     

Одоогийн байдлаар Ховд аймагт шатрын спортыг хөгжүүлж, шатраар идэвхтэй хичээллэдэг 300 орчим хүүхэд, 70 орчим насанд хүрэгч байгаа бөгөөд аймгийн төв, хөдөөгийн сумдад шатрын клуб тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 

Ховд аймагт болж буй Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээний үр дүнд 5 шилдэг тамирчин тодорч, мөнгөн шагнал гардан авна.

Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Засаг даргын ивээл дор өрнүүлж буй.    

Холбоотой мэдээ