Хатан хаан Элизабетийг оршуулах ёслолд 200 сая ам.доллар зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-19 13:55:58

ЛОНДОН. /CNBC/. Их Британийн Засгийн газар хатан хаан II Элизабетийг оршуулах төрийн ёслолд 162 сая орчим фунт стерлинг /201.4 сая ам.доллар/ зарцуулсан талаар тус улсын Сангийн яам пүрэв гарагт мэдээлэв.


Их Британийн түүхэнд хамгийн олон жил төр барьсан хатан хаан 2022 оны есдүгээр сарын 8-нд 96 насандаа Шотландын Балморал шилтгээнд таалал төгссөн билээ. Хатан хааныг таалал төгссөнтэй холбогдуулан үндэсний хэмжээнд 10 хоногийн гашуудал зарлаж, түүнийг оршуулах төрийн ёслол Вестминстерийн сүмд есдүгээр сарын 18-ний өдөр болсон юм.



Гашуудал зарлах үеэр Лондон хотноо хатан хааны шарилд 250 мянга орчим хүн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Лондоны гудамжинд 24 цаг гаруйн турш дараалал үүсэж байв. II Элизабетийг Виндзорын шилтгээний нутаг дэвсгэрт орших VI Георг хааны дурсгалын сүмд түүний нөхөр Эдинбургийн гүн Филипийн дэргэд оршуулсан билээ.


Оршуулгын ёслолын зардлын талаарх шинэ тайлан мэдээнд дурдсанаар, Дотоод хэргийн яам 73.68 сая фунт стерлинг, Соёл, хэвлэл мэдээлэл, спортын яам 57.42 сая фунт стерлинг, Тээврийн яам 2.565 сая фунт стерлинг, Гадаад хэргийн яам 2.096 сая фунт стерлинг, Батлан хамгаалах яам 2.89 сая фунт стерлинг зарцуулжээ.



Ташрамд дурдахад, хатан хааны угсаа залгамжлагч, ууган хүү III Чарльзыг тавдугаар сарын 6-ны өдөр хаан сэнтийд залсан билээ. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү баяр ёслолын үйл ажиллагаанд 50-100 сая фунт стерлингийг зарцуулсан гэх урьдчилсан тооцоо гарсан байна. 

Холбоотой мэдээ