Коста-Рика улсад сүүлийн хоёр сарын хугацаанд зөвхөн сэргээгдэх эрчим хүч хэрэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-08 15:56:28

САН-ХОСЕ. /Sputnik/. Коста-Рика улс зургадугаар сарын 16-наас есдүгээр сарын 2-ныг хүртэлх 76 хоногийн хугацаанд дан ганц сэргээгдэх эрчим хүч ашиглажээ.

Тус улс нүүрстөрөгчид суурилсан түлш хэрэглэхээс бүрэн татгалзаж, сүүлийн хоёр сарын хугацаанд усан цахилгаан станц, газрын гүнийн дулаан, нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчээр эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангасан байна. Наймдугаар сард нийт цахилгаан эрчим хүчний 80.27 хувийг усан цахилгаан станцууд үйлдвэрлэсэн бөгөөд энэ онд хур тунадас их унасан нь үүнд нөлөөлжээ.

Өнгөрсөн онд Коста-Рика улс 299 хоногийн турш дан ганц сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг хангаж байсан юм. Харин 2016 оны хувьд тус улс даяар чулуужсан түлш шатаалгүйгээр 150 хоногийг өнгөрүүлээд байна. Ийм амжилт гаргахад цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг нь нөлөөлсөн байна. Тодруулбал, Төв Америкийн энэ улс ердөө 4.9 сая хүн амтай ажээ.

Латин Америк болон Карибын тэнгисийн эдийн засгийн комиссоос гаргасан тайланд дурдсанаар, 2015 онд Коста-Рика улс 10 713 ГВт/ц эрчим хүч хэрэглэжээ. Энэ нь АНУ-тай харьцуулахад 373 дахин бага үзүүлэлт юм. Тодруулбал, АНУ өнгөрсөн онд бараг 4 сая ГВт/ц цахилгаан эрчим хүч хэрэглэсэн байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ