Р.Эрдоган сонгуулийн дүн яаж ч гарсан хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-13 13:08:59

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тавдугаар сарын 14-нд товлогдсон сонгуульд ялагдвал ерөнхийлөгчийн албан тушаалаа ардчилсан замаар өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.


"Бид Туркт ардчилсан замаар засгийн эрхэнд гарсан. Бид засгийн эрхэнд гарсан шиг, хэрэв манай ард түмэн өөрөөр шийдэж, сөрөг хүчний нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл бид ардчилалд шаардлагатай бүхнийг хийнэ. Сонгуулиар гарах аливаа үр дүнг бид хууль ёсны гэж үзнэ” гэж тэрбээр сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Туркийн хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. 


Үүний сацуу Р.Эрдоган “Туркийн ард түмэн энэ ням гарагт болох сонгуульд түүнийг болон түүний "Шударга ёс, хөгжлийн нам"-ыг дэмжинэ" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 14-нд болно. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, сөрөг хүчний удирдагч Кемал Кылычдароглу нар төрийн дээд албан тушаалд гол өрсөлдөгчид тооцогдож байна. Эхний шатанд ялахын тулд 50 хувийн санал дээр нэмээд нэг санал авах шаардлагатай. Эс бөгөөс хоёрдугаар шатны сонгууль тавдугаар сарын 28-нд болно. 


Холбоотой мэдээ