НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдлийг БНАСАУ эрс эсэргүүцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-08 13:00:39

ПХЕНЬЯН. /TASS/. "Энэ сарын 5-ны өдөр манай улс баллистик пуужин хөөргөсөн явдлыг зэмлэн буруушаасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна" гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ. Мэдэгдлийг Умард Солонгосын “Нодон синмун” сонинд нийтэлсэн байна.

“Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдэл нь БНАСАУ-ын бүрэн эрхт байдал, улс орны нэр төр болон өөрийгөө хамгаалах эрхэд халдсан явдал мөн” гэж дээрх мэдэгдэлд тодорхойлжээ.

Түүний сацуу, түрэмгийлэлд бэлтгэн цэргийн хээрийн сургууль хийж, Солонгосын хойгт стратегийн цөмийн зэвсгээ байрлуулж буй АНУ-ын гэмт үйлдлүүдийн талаар огт дурдахгүй байгаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг БНАСАУ шүүмжилсэн байна. “Тус зөвлөлийн ийм байр суурь нь Вашингтоны эрх ашигт үйлчилж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэхдээ “манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд БНАСАУ цөмийн хүчээ зузаатгах үйл хэрэгт шинэ шинэ амжилт олох болно” гэжээ.

Сануулан дурдахад, энэ сарын 5-ны өдөр Умард Солонгос баллистик пуужин туршсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мэдэгдэл гаргаж, пуужин хөөргөсөн явдал нь тус байгууллагаас гаргасан тогтоолуудыг ноцтойгоор зөрчиж байгаа бөгөөд олон улсын эрхзүйгээр өөртөө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж Пхеньяныг зэмлэн буруушаасан юм. Үүний зэрэгцээ, НҮБ-аас Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг улам чангатгана гэж анхааруулсан билээ.

Х.Сарнай 

 

 

 

Холбоотой мэдээ