ХОВД: Булган сумын малчид 64 мянган толгой төл хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-09 10:48:59

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Булган сумын хэмжээнд 277 мянган толгой мал хаваржиж байна. Цаг хүнд байсан ч тус сумын малчид энэ хавар 64 мянган толгой төл хүлээн авсан байна.

Тус сумын нийт хүн амын 50.01 хувь буюу 5384 нь эмэгтэй. Үүнээс 820 гаруй нь малчин юм.

Булган сумынхан энэ сарын 4-5-нд Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа. Уулзалтад 400 малчин эмэгтэй оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.

Тодруулбал, хөдөө орон нутагт залуу малчдын залгамж халаа дутагдаж байгаа ба уул, уурхай дагасан хог хаягдал нь байгаль орчин, бэлчээрт багагүй бохирдол үүсгэж байгаа тухай хэллээ. Мөн малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг дахин боловсруулах замаар үнэд хүргэх, малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарах зэрэг олон санал гаргав.

Тус уулзалтыг Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Булган сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд “Монгол малчин үндэсний хөтөлбөр”, “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”, “Нээлттэй Ховд” хөтөлбөрийн талаар малчдад танилцууллаа. 

Мөн малчдын хоршоо, хариуцлагатай мал аж ахуйг хөгжүүлэх, нийгмийн хамгааллын төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцогчид “Буурлын харын цогцолбор” гэх газарт мод тарьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн өөрсдийн хувь нэмрээ орууллаа. 

Холбоотой мэдээ