ХОВД: "Хос бичигтэн Ховдынхон" аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-09 10:12:18

Жаргалант /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан "Хос бичигтэн Ховдынхон" сэдэвт аян өрнүүлж эхэллээ.

Тус аяны үйл ажиллагаа Ховд аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөртэй уялдаж байгаагаараа онцлогтой.

Аяны хүрээнд монгол бичиг, соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн 10-аад ажлыг тусгай хөтөлбөр, зорилтын дагуу зохион байгуулна.

Тодруулбал, "Монгол бичиг-Монголын бахархал" үндэсний бичгээ сурах, судлахын ач холбогдлыг таниулах сургалт, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III"-ийн хэрэгжилтийн тандалт судалгааг төрийн байгууллагуудын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн "Монгол бичиг-Манай гэр бүлийн өв соёл" зорилтот цахим контент бүтээх, уйгаржин монгол бичиг, тод бичгийн номын үзэсгэлэн гаргах, "Саадгүй уншигч, сайн хөрвүүлэгч" уралдаан зохион байгуулах зэрэг олон ажлыг 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.   

Үүнд орон нутгийн албан байгууллагын ажилтнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутан, иргэд хөдөлмөрчдийг нээлттэйгээр оролцуулах юм.

Аяны ерөнхий зохион байгуулагчаар Хэлний бодлогын салбар зөвлөл, Соёл урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар хамтран ажиллаж байна.

Дээрх аяны хүрээнд зохион байгуулсан эхний үйл ажиллагаа нь "Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг" уралдаан байлаа. Өчигдөр тус уралдаанд Жаргалант сумын цэцэрлэгүүд болон МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулиас нийт 4 баг оролцож, монгол бичгээр унших, бичих, хөрвүүлэх зэрэг 8 даалгавар гүйцэтгэн өрсөлджээ. Улмаар 1, 2, 10, 7, 16, 13 дугаар цэцэрлэгийн хамтарсан "Титэм" баг тус уралдаанд манлайлсан байна. 

Холбоотой мэдээ