ХОВД: 400 тонн орчим тэжээлийн нөөц бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-08 09:12:13

Жаргалант /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар цас орлоо. Үүний улмаас мал хаваржилтад хүндрэл учирч, зарим суманд мал хотноосоо гаралгүй гурав хоносон. Малчдад өвс, тэжээл хүргэхээр явсан зарим иргэд төөрсөн, зам даваа хаагдсан байдалтай байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид энэ сард дахин цас орох төлөвтэй. Бас олон жилийн дундажтай харьцуулахад сэрүүн байх юм.

Аймгийн хэмжээнд 3.4 сая толгой мал хаваржиж байна. Үүний 1.4 сая толгой мал нь төллөхөөс одоогоор 600 мянган төл хүлээн авч, бойжилт 80 хувьтай байна. Мөн 63 мянга гаруй мал хорогдсон. Нийт малын 50-60 хувийг нь зургаан сар хүртэл тэжээнэ гэж тооцоолж байна.     

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 5 дугаар сарын 7-нд Ховд аймгийн Онцгой комисс хуралдлаа. 

Хаваржилт хамгийн хүнд байгаа Дуут, Мөст, Мөнххайрхан, Манхан, Цэцэг, Ховд зэрэг суманд Улсын нөөцөд байсан өвс, тэжээлийг хуваарилан хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахаар болов. 

Мөн зарим сумын нутагт зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл өвс, ногооны ургалт мал цадах хэмжээнд хүрч чадахгүй байх магадлалтай. Тиймээс ойрын хугацаанд 400 тонн хүртэлх хэмжээний хорголжин болон хивгэн тэжээлийн нөөц бүрдүүлж, малчдад зохих үнээр нь олгохоор болсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ