ХОВД: Ноолуур кг нь 110-127 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-05 10:43:00

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн малчид 2022 онд 1 сая 947 мянга гаруй толгой ямаа самнаж, 759.4 тонн ноолуур зах зээлд нийлүүлсэн.

Тэгвэл энэ жилийн тухайд малчид 1 сая 840.8 мянган толгой ямаа самнаж, 700 гаруй тонн ноолуурыг зах зээлд нийлүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ. 

Ховд аймгийн нийт нутгаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх, бэлчээрийн хомсдол зэргээс ихэнх суманд мал хорогдох таагүй нөхцөл үүсэж байгаатай холбогдуулан зах зээлд нийлүүлэх ноолуурын хэмжээ багасах магадлалтай.
Одоогоор Ховд аймгийн Мянгад, Алтай, Үенч, Булган, Эрдэнэбүрэн, Мөст суманд ямаа самнаж эхэлсэн. Бусад суманд ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан эхлээгүй байна. 

Уулын бүсийн Дуут, Мөнххайрхан зэрэг суманд ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил 5 дугаар сарын 20-ны өдрийн үеэр эхэлдэг аж.
Одоогийн байдлаар Ховд аймагт ноолуур нэг кг нь 110-127 мянган төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, худалдаа эрхлэгчид цагаан ноолуурыг кг тутамд 127 мянга, бор ноолуурыг 110 мянга, холимог (цагаан, бор тэнцүү) ноолуурыг 123 мянган төгрөгөөр тооцон малчдын гар дээрээс худалдан авч буй.   

 

Холбоотой мэдээ