ХОВД: Хүүхдийн паркт 4000 гаруй мод усалж, орчны хогийг түүв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-03 14:20:35

Жаргалант /МОНЦАМЭ/. Хаврын цэнэг усалгааны аяны хүрээнд Ховд аймгийн Хүүхдийн парк дээр "Моддоо усалъя" өдөрлөг зохион байгуулжээ.

Тус өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 29-нд Ховд аймгийн Социал демократ монголын залуучуудын холбооноос санаачлан "Ховд Хүүхдийн парк", " Шинэ Ховдын түүчээ" ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн юм.

Улмаар орон нутгийн иргэд, хүүхэд багачууд уг өдөрлөгт идэвхтэй оролцож, 4000 гаруй мод усалж, ойр орчмын хогийг түүжээ. Мөн энэ үеэр 8-14 насны хүүхдийн дунд "Паркаа хайрлая" сэдэвт гар зургийн уралдаан, "Open mic" үйл ажиллагаа зохион байгуулсан байна. 


Х
овд аймгийн хэмжээнд 2022 онд 157 мянган ширхэг мод тарьсан. Модыг тариад орхих бус арчлах, хамгаалах нь чухал. Иймээс өдөрлөг зохион байгуулагчдын зүгээс моддыг байнга усалж, арчилж хамгаалъя гэсэн уриалга дэвшүүллээ.

Ташрамд, Ховд аймгийн Хүүхдийн парк өдөр бүр 15.00-22.00 цагийн хооронд ажиллаж байна. 

Холбоотой мэдээ