“Шамбалын ерөөл-2016” зан үйлийн арга хэмжээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-07 16:25:21

Жил бүрийн есдүгээр сарын 10-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дахь Өвөрбаясгалант Хамарын хийдэд  “Шамбалын ерөөл” тавих ёслол болдог.

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Лувсанданзанравжаа шавь нарын хамт 1851 оны үхэр жил Хамарын хийдийн Дүйнхорын дацанд /Дүйнхор цагийн хүрдний ном/ хурж цам сэлтсийг гүйцэтгээд Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон амьтныг Шамбалын орноо дагуулах,билиг ерөөлийг тавьснаас хойш 166 дахь жилдээ энэхүү зан үйлийг гүйцэтгэж байгаа аж.

Энэ өдөр хурал даган баясаж бурхад бодисадва  нарын тавьсан ерөөлд багтаж гэм нүглээ наманчлах, өөрийн үйл бүтээлийг даатгаж, нас буяныг арвитгах, нас барагсдын хойноос буян үйлдэж, арц хүж өргөдөг байна.

“Шамбалын Ерөөл” тавих өдрийн өглөө 08.30 цагт лам, сүсэгтэн олон Хамарын хийдээс нийтээр гороон замаар ганжуур данжуур судрыг залж,  хонх, цан хэнгэрэг цохиж маань тарни хөгжөөн  Шамбалын орон хүртэл гороолно.

Мөн лам нар Шамбалын оронд ерөөлийн хурал хурахаас гадна морь уралдаж, шагай харваж, бөх барилдах бөгөөд Тойногийн сүм буюу  бүсгүйчүүдийн дуганд  Дарь эх хурах аж.

Үдээс хойш Өвгөн суварганы өмнө нийтээр зулын ерөөл тавих ба маань тарни уншиж зул бадраах юм.

Харин есдүгээр сарын 11-нд Түвдийн Бэргүн Гаржүдийн уламжлалын тэргүүн Чицан Ренбүүчий ламтан Дэмчигийн ван тавих бол 12-нд Чицан Ренбүүчий Пова /сүнс юүлэх/ номын авшиг өгөх  аж. Дэмчигийн ван гэдэг нь бурханы шашны 4 том сахиусын нэг бөгөөд өвчин зовлонг амирлуулах, буян хишгийг түгээх  ерөөлтэй аж.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ