Японы хүн ам 2070 он гэхэд 87 сая болж буурах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-26 17:25:00

ТОКИО. /Kyodo/. Японы нийт хүн ам 2070 он гэхэд 87 саяд хүрч, 2020 оны үзүүлэлтээс 30 хувиар буурах төлөвтэй байгаа нь нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэхэд засгийн газарт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлнэ гэж эрх баригчид тооцоолж байна.


Тус улсын Хүн ам, аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр, 65 ба түүнээс дээш насныхан 2043 онд 39.53 саяд хүрч оргил үзүүлэлтдээ хүрсний дараа 2070 онд 33.67 саяд хүрч, хүн амын 38.7 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Ингэснээр нийгмийн хамгааллын зардал эрс нэмэгдэхэд хүргэнэ. 


Эрүүл мэндийн яамны харьяа энэхүү судалгааны хүрээлэн нь хүн амын тооллого зэрэг олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн ойролцоогоор 5 жил тутамд хүн ам зүйн 50 жилийн урьдчилсан мэдээг гаргадаг аж.  Тус байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээг Засгийн газар ирээдүйн тэтгэврийн зардлыг тооцоолоход ашигладаг


2020 оны байдлаар Японы хүн ам 126.15 сая байсан бол 2056 он гэхэд 100 саяас доошилж буурах төлөвтэй байна.


Урьдчилсан таамгаар, даатгалын шимтгэл төлөх замаар улс орны нийгмийн хамгааллын тогтолцоог дэмждэг 15-64 насны хүн ам 2020 онд 75.09 сая байсан бол 2070 онд 45.35 сая болж огцом буурна.


Мөн 14 болон түүнээс доош насныхан 2020 онд 15.03 сая байсан бол 2070 онд 7.97 сая болж буурна гэж тооцоолж байгаа бол 2020 онд 47.6 байсан хүн амын дундаж нас 54.0 болж өсөх төлөвтэй байна.


Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2070 онд 85.89, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 91.94 болж өснө гэж хүн ам, аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэн мэдээлжээ. 

Холбоотой мэдээ