СҮХБААТАР: Нэг сая га бэлчээр нутагт огтоно тархжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-25 13:25:06

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн жилүүдэд нийт нутгаар огтоно тархаад байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болсон. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр огтоно, бэлчээр мэрэгчийн тандалт судалгааг хийлгэжээ. Сүхбаатар аймаг долоон сая га бэлчээр нутагтай. Үүний нэг сая га талбайд огтоно тархжээ.

Харин дээрх нэг сая га талбайгаас эхний ээлжинд 440 мянган га талбайд устгал, мэрэгчтэй тэмцэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзжээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт ХАА-н сайдын тушаалаар 20 тонн буюу 35 килограммтай 572 шуудай микробиологийн бэлдмэл ирсэн байна. Бэлдмэлийг аймгийн Засаг даргын захирамжаар сумдад хуваарилж, хүргүүлэх ажил хийж байна. Одоогоор зургаан сум аваад байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд огтоно тархалтын хамгийн их талбайтай сумдыг нэрлэвэл Уулбаян 100 мянган га, Түвшинширээ 87 мянган га, Сүхбаатар 60 мянган га, Халзан 50 мянган га байна. Эдгээр сумдад огтоно устгалын ажил ид өрнөж байгаа бөгөөд мэрэгчдийн үржил хавар явагдаж, маш олноороо үрждэг учир энэ цагт устгалыг хийх нь илүү үр дүнтэй байдаг аж. Мөн намар биологийн аргаар тэмцэх ажлыг хийдэг байна. Сумд уг ажилд зориулж ОНХС-гаас 117 сая төгрөгийг төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ