ДОРНОД: 150 хүүхдийн шинэ дотуур байрыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-24 17:14:39

Чойбалсан /МОНЦАМЭ/. "Хан-Уул" цогцолбор сургууль шинэ дотуур байраа ашиглалтад хүлээн авлаа. Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрны барилгыг "Аглут" ХХК гүйцэтгэсэн байна. 

Тус сургуульд Матад, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Гурванзагал, Баянтүмэн сумын есөн жилийн сургалттай сургуулиас голдуу ахлах ангийнхан ирж суралцдаг. Хөдөөх сумдын хүүхдүүд ихэвчлэн дотуур байранд суудаг. 

Сургуулийн дотуур байранд жилд 120-150 хүүхэд амьдрах хүсэлт өгдгөөс өнөөдрийн байдлаар "Хан-Уул" цогцолбор сургуулийн дотуур байранд 92 хүүхэд амьдарч байна. Сургуулийн захирал А.Сэндмаа: "Дотуур байрандаа харьяаллын хоёр, гуравдугаар багаас үнэхээр тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг суулгана" гэв. Энэхүү шинэ дотуур байрыг сурагчид гэртээ байгаа мэт засаж тохижуулжээ. Цаашид ч аймаг орон нутгаас дотуур байрны тохижилт, сурагчдын тав тухтай байдалт онцгой анхаарал хандуулна гэлээ. 

Холбоотой мэдээ