ХОВД: Эко цементийн үйлдвэрийн талбайн хэмжээ хөлбөмбөгийн 19 талбайтай тэнцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-21 14:40:06

Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, нээлтийн ёслолд оролцлоо.   

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангана. Мөн 350 шинэ ажлын байр бий болж, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3000 орчим иргэний орлого нэмэгдэх боломж бүрдэж байна.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр нь хуурай аргын үйлдвэр бөгөөд түүхий эдээ олборлох, бутлах, нунтаглах, хоорондын найрлагыг нь жигд болгоход ус хэрэглэхгүй, хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг технологи бүхий байгаль экологид ээлтэй үйлдвэр гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. 


Хуурай аргаар боловсруулахын давуу тал нь цаг хугацаа, дулааны эрчим хүч болон бусад нөөцийн зардлыг эрс багасгаж, агаар, ус,  хөрсөнд үүсгэх бохирдол багассанаар байгаль орчин, хүний биед үүсэх хортой нөлөөлөл үгүй болно.


"Ховд эко цемент"-ийн үйлдвэр бусад арга технологи бүхий үйлдвэрүүдтэй харьцуулахад 90.702.000 кг-р бага хүлэмжийн хийг ялгаруулдаг.   


Үйлдвэрийн цех, дамжлага болгон дээр, тоос үүсгэж болох бүх цэгт тоос шүүх байгууламж байршуулсан байна.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр төслийн гаднах нийт талбай 20 га буюу хөлбөмбөгийн 19 талбайтай тэнцэх аж. 







Холбоотой мэдээ