ХОВД: Энэ жил Эрдэнэбүрэн сумыг хатуу хучилттай авто замаар холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймаг өнгөрсөн хугацаанд 1100
гаруй км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалт хийсэн.
Өөрөөр хэлбэл, тус аймаг хамгийн олон буюу 10 гаруй сумыг Ховд
аймгийн төв, Улаанбаатар хот, Улсын хилтэй хатуу хучилттай авто
замаар холбосон юм.
Одоогоор тус аймагт хатуу
хучилттай авто замаар холбогдоогүй цөөхөн сум байгаагийн нэг бол Эрдэнэбүрэн
сум.
Тус сумын чиглэлд хатуу
хучилттай авто зам барих асуудлыг шийдвэрлэж, энэ жил Эрдэнэбүрэн сумаа хатуу хучилттай авто
замаар холбоно гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим
хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Эрдэнэбүрэн сумын төв нь аймгийн
төвөөс 75 км, нийслэлээс 1552 км зайд оршдог. 268.5 мянган га нутагтай, үүнээс 2431 га
тариалангийн, 273 га хадлангийн талбайтай. Газар зүйн байрлалын хувьд Их
нууруудын хотгорын мужид хамрагддаг далайн түвшнээс 1182-4208 метрт
өргөгдсөн өндөр уулс, говь тал хосолсон нутагтай.
Тус сумын нутаг дэвсгэрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хэрэгжих болсон. Ирэх зун Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ гэж албаныхан мэдээлж байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 МВт
хүчин чадалтай байх бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин
чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна
төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.