Хөгжлийн банкны гурван шатны сонсголыг гарын авлага болгож хэвлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-21 09:52:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороог татан буулгалаа.


Тус түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцах хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн хуралдаанаар хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хийсэн танилцуулгадаа “Хянан шалгах түр хороо Хөгжлийн банк байгуулагдсанаас хойших хугацааны зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой баримт материалууд болон зээлдэгч аж ахуйн нэгж байгууллага, арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн ашиглалт, зарцуулалттай холбоотой материал, дансны гүйлгээ, төсөл, хөтөлбөрийн үр өгөөж, уг банкны үйл ажиллагааны үр ашигт байдал, түүнд тавигдах дотоод болон хөндлөнгийн хяналтын тогтолцооны үйлчлэлтэй холбоотой баримт материалыг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Тус банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, мөн тус банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн багцын хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгаж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэй зохион байгуулж, олон нийтэд шууд дамжуулан хүргэсэн. Сонсгол нийт 13 өдрийн турш үргэлжилж, 672 иргэнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн биечлэн оролцсон. Тус Хянан шалгах түр хороо холбогдох хуулийн хүрээнд арилжааны 12 банканд газар дээрх хяналт шалгалтыг явуулж, зээлдэгч бүрийн санхүүжилтэд данс хөөх аргаар зарцуулалтыг нэг бүрчлэн шалгаж дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд,


Нэг. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд 18.3 хувь нь зориулалтын дагуу буюу зээлийн гэрээнд заасны дагуу зарцуулалтыг хийсэн, 74.2 хувь нь зориулалт бүрэн бус буюу зээлийн тодорхой хэсгийг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, 7.4 хувь нь зээлийг 100 хувь зориулалт бусаар ашигласан, 0.3 хувь нь нягтлах боломжгүй буюу зээлийг бэлэн зарлагын гүйлгээгээр зарцуулсан байна.

Хоёр. Хөгжлийн банкны шууд зээлдэгч 77 арилжааны банкаар дамжуулан зээлдэгч 2542, Засгийн газарт шилжүүлсэн багцын 355 төсөл, хөтөлбөрийг гүйцэтгэгч 279 компани, тус банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 42 зээлдэгч, нийт 3000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч нар дээр бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн мэдээллийг улс төрийн хамаарлын хүрээлэлтэй тулгаж нягтлахад 125 хуулийн этгээд, найман иргэн, нийт 133 зээлдэгч улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай зээлдэгчид нь Хөгжлийн банкнаас нийтдээ 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан байгаа нь тус банкны нийт олгосон 7.5 их наяд төгрөгийн зээлийн 20 хувийг эзэлж байна.

Гурав. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг олгохдоо хууль, бодлого, журмыг хангасан эсэх нийцлийг шалгахад хуулийн зорилттой нийцсэн төсөл 33 хувь, бүрэн бус нийцэлтэй төсөл 49.5 хувь, нийцээгүй төсөл 17.5 хувийг тус тус эзэлж байна.

Дөрөв. Түр хороо байгуулагдаж ажилласнаас хойш зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтөө идэвхжүүлсэн нь 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хооронд нийтдээ 1.08 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс харагдаж байна.

Тав. Хөгжлийн банканд 2011 оноос хойш ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагын баг нь мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс тухайн үеийн зах зээлийн хүүгийн хэмжээгээр харьцуулан тооцоолоход 120 гаруй тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардал үүсгэж, банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна. Тайлангийн дүгнэлтүүдээ танилцуулсны дараа Б.Энхбаяр дарга уг тайланг түр хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг мөн танилцуулсан юм.

Санал дүгнэлтэд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, засаглалын хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд Хөгжлийн банканд үүссэн хүндрэл бэрхшээл арилахгүй, нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлтэй байгааг дурдсан байна. Мөн одоогийн нөхцөлд Хөгжлийн банкийг татан буулгах нь хамгийн амархан боловч санхүүгийн хувьд өндөр зардалтай, эдийн засгийн хувьд үр ашиггүй. Ирээдүйд дахин хөгжлийн хөтөлбөрүүд санхүүжүүлэх институц байгуулах шаардлага үүссэн нөхцөлд бүгдийг шинээр эхлэх шаардлага тулгарна. Олон улсын банк санхүүгийн стандартад нийцүүлж Хөгжлийн банкны эрх зүйн орчин, дүрэм журмуудыг шинэчлэх шаардлагатайг Хянан шалгах түр хороо дүгнэлтдээ тэмдэглэжээ.

Тус түр хорооны анхны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Хянан шалгах түр хорооны явуулсан гурван шатны сонсгол, түүний үр дүн бол Монгол Улсын түүхэнд сургамж, бас гарын авлага болно хэмээн цохон дурдлаа.   

Холбоотой мэдээ