Ирээдүйд хийх хөрөнгө оруулалт ба хувийн тэтгэврийн сан

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-04-19 17:12:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудын 80 гаруй хувь нь хуримтлалын тогтолцоо руу шилжиж, иргэддээ урт хугацааны хуримтлал үүсгэх зорилгоор хувийн тэтгэврийн сангуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Харин манайд улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах тогтолцоог бий болгох санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага байгааг мэргэжилтнүүд тодотгосоор ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолдог.

Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны асуудал манайд цөөн хэдэн компани хувийн тэтгэврийн сан үүсгэн байгуулж, ажилтнуудынхаа ирээдүйн тэтгэврийн хуримтлалын данс хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буйгаар илэрхийлэгдэж байгаа. Нэг үгээр хэлбэл хууль эрх зүйн орчин манайд бүрдээгүй.

Эдүгээ хувийн тэтгэврийн харилцаа амьдрал дээр бий болсон ч тусгайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь даатгуулагчийн эрх зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурлаа гэхэд хэрхэх нь тодорхойгүй цаг үетэй бид нүүр тулаад байна. Мэргэжлийнхэн энэхүү харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар шийдэх боломжгүй тул тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай гэдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байгаа.

2020 онд Монгол Улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх нь чухал хэмээн үзэж, хэсэг улс төрч хуулийн төслийг боловсруулсан ч УИХ-аас дэмжлэг аваагүй сураг тасарсан.

Хувийн тэтгэврийн тогтолцооны талаар Эдийн засагч Ч.Батцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Манай нийгмийн даатгалын сан социализмын үеийн тогтолцоотой. Тэтгэврийн хэмжээг тогтоохдоо ажилласан жил, төлсөн даатгалын хураамжийг тэнцвэргүй тооцоолж гаргадаг. Жишээлбэл, тасралтгүй өндөр цалинтай ажилласан долоон жилээр тооцож тэтгэврийн хэмжээг тогтоодог. Өөрөөр хэлбэл, 84 сар л өндөр цалинтай ажил хийсэн хүний тэтгэвэр тасралтгүй 20-30 жил ажилласан хэрнээ түүнээс доогуур, дундаж цалинтай ажилласан хүнээс өндөр тогтож байгаа юм. Нөгөөтэйгүүр, нийгмийн даатгалын сан баялаг бүтээхгүй байна. Төсвийн цоорхойг нөхөх төдийд ашиглаж байгаа. Зүй нь даатгалын сангийн хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг хаахад зарцуулахгүй байх хууль эрх зүйн орчныг бий болгох гарцаагүй шаардлагатай” хэмээн дурдсан. Мөн тэрээр "Норвегийн тэтгэврийн болон нийгмийн даатгалын системийг хуулбарлаж, Монголын хөрсөнд буулгах хэрэгтэй. Манай улс байгалийн баялаг болон хүн амын тоогоор Норвегитой ихээхэн төстэй" гэв.

Тэгвэл Монгол Улсад олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлснээр  ямар үр дүн гарах вэ?

Иргэн ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, хангалттай орлогын эх үүсвэртэй болохоос гадна санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлэх юм байна. Мөн хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан байгуулах, улмаар хувийн тэтгэврийн сан нь санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болгоно хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.


Эдүгээ манай улсын хүн амын 19.5 хувь нь 2050 он гэхэд ахмад настан болох тооцоолол бий. Тодруулбал, тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37 хувь болж, улмаар 2050 онд 19.42 хувьд хүрэхээр байгаа. Дээрх тооноос үзэхэд, манай улсын тэтгэврийн сангийн алдагдал ирээдүйд тэлж, ирэх 30 жилд улсын төсвийн ачааллыг эрс нэмэгдүүлэх дүр зураг харагдаж байна. 

Түүнчлэн хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01 жил болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулбал 7.23 жилээр өсжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр өссөн байна. Нийгмийн даатгалын сангаас 2022 оны байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчдад 2.8 их наяд төгрөг зарцуулсан гэсэн дүн мэдээ байна. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувийг эзэлдэг аж. 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 онд 4 байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 2030 онд 7, 2050 оноос 9 тэтгэвэр авагч болох тооцоолол гарчээ.

Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан дээрх тоо баримт, үндэслэлүүдээс харахад нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөө талаас насжилт хурдсах тусам төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэл үүсэх магадлал өндөр байгааг илтгэх.

Үнэндээ манайд тэтгэврийн насныхны дийлэнх нь мөнгөн хуримтлал үүсгээгүй бөгөөд цөөн тооны төрийн алба хашсан хүмүүс 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авч буй юм.

Насаараа хөдөлмөр эрхэлчихээд хуримтлалгүй тэтгэвэрт гарсан хойноо авсан мөнгө нь хүрэлцэхгүй, зээл авах жишгээр амьдарч байгаа нь нууц биш. Тодруулбал нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж буй тэтгэврийн насныхны дийлэнх нь зээлтэй, тэдний 70 хувь нь зээлээ өөрсдөө хэрэглэж чаддаггүй гэсэн судалгаа бий. Ийнхүү ганц шатлалт тэтгэврийн тогтолцооноос хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх шаардлага гарч ирснийг дээрх баримт илтгэж байна. Тиймээс Монгол Улсын тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах бодлогын хувилбарыг олон улсын туршлагад суурилан  боловсруулах шаардлага үүсжээ.

Хувийн тэтгэврийн анхны сан дэлхийн хоёрдугаар дайны дараа баруун Европ болон Америкт үүссэн түүхтэй. Эдгээр сангуудын зарчим нь сайн дураар ажиллагсдыг хамруулж, үйл ажиллагаагаа тэлэх явдал байсан гэдэг. Үүний үр дүн нь иргэд  ажилд орох цагаасаа эхлэн насны тэтгэвэртээ бэлтгэж, хуримтлал үүсгэх нөхцөл бүрдсэн аж.

Эдүгээ Австрали, Голланд, Дани зэрэг улс тэтгэврийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлж буй бол Норвеги, Швейцарь, Шведэд ажиллагсдын 90 хувь, Германд 50 гаруй хувь нь хувийн тэтгэврийн санд мөнгөө хуримтлуулдаг жишиг тогтжээ. Хувийн тэтгэврийн сан байгууллагын болон хувь хүний гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд сайн дурын болон заавал оролцох гэсэн нэр төрөлтэй аж. Түүнчлэн ажиллагсдын хуримтлал нь цалингийн 10 орчим хувьтай тэнцдэг байна. Дээрх орнуудад хувийн тэтгэврийн санд ажил олгогчид ажиллагсдынхаа өмнөөс хураамж төлөх зарчмаар тэдэнд илүү их хуримтлал үүсгэх нөхцөл бүрдүүлсэн нь эдүгээ тэтгэврийн тогтолцоогоор тэргүүлэх гол хүчин зүйл болжээ. Тодруулбал, ажилтан, ажил олгогч тодорхой хэмжээгээр хураамж төлж, данс нээн “Тэтгэврийн сан”-гаар удирдуулах замаар мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулж өсгөдөг байна. Хувийн тэтгэврийн тогтолцоотой хөгжингүй орнуудын хувьд өдрөөс өдөрт хуримтлал нь өссөөр байгаагийн нууц нь энэ аж. Тэд хувийн тэтгэврийн тогтолцоогоо хөгжүүлснээр эдийн засгаа тэлж, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэд нь ирээдүйн санхүүгийн баталгаагаа хангахуйц тэтгэвэр авч, мөнгөө аялалд зарцуулах боломжтой болсноороо онцлогтой юм. Улмаар хуримтлал үүсгэх дээрх тогтолцоо нь тухайн иргэнд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлэхээс гадна төрийн ачааг хөнгөлөх, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед нь иргэдээ амьдрах баталгаагаар хангах гол хөшүүрэг болдог байна. Түүнчлэн хувийн тэтгэврийн сан нь олон улсад тусгайлан бие даасан хуулийн этгээд сан, корпорац хэлбэрээр болон хуулийн этгээдийн эрхгүйгээр байгуулагддаг бөгөөд тухайн улсын төр захиргааны байгууллага нь татварын бодлогоор дэмждэг байна. 
Хувийн тэтгэврийн сангийн өгөөжийг тооцвол, 800 мянган төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 13 хувийг төрийн Тэтгэврийн даатгалын санд төлөөд, зөвхөн 4 хувиа Хувийн тэтгэврийн санд төллөө гэхэд 30 жилийн дараа 76 сая 852 мянга 902 төгрөгийн хуримтлал үүсэх юм байна. Мөн ажилтан тэтгэвэрт гарсны дараа гэнэтийн тохиолдлоор насан эцэслэхэд үр хүүхэд нь уг мөнгийг өвлөх боломжтой гэдгээрээ давуу талтай аж. Түүнчлэн ихэнх иргэдийн дунд хувийн тэтгэврийн сан дампуурах вий гэсэн болгоомжлол бий. Тэгвэл мэргэжилтнүүд олон улсын жишгээр хууль эрх зүйн орчноо баталгаажуулж, мэргэжлийн багаар удирдуулан хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, банкны систем, бонд зэрэг санхүүгийн бүх хөшүүргийг ашиглаж зах зээлийн зарчмаар ажиллавал эрсдлээс холуур өнгөрнө хэмээн тодотгож байна. 

Холбоотой мэдээ