ДОРНОД: Сүүлийн таван жилд дутуу төрөлтийн 100 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-19 16:24:48

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар дутуу төрөлт 100, зулбалт 176, ургийн гаж хөгжил 18, амьгүй төрөлтийн 11 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс “Эрүүл эмэгтэй” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.  

Төслийн хүрээнд 2021 онд 180 эмэгтэйг шинжилгээнд хамруулахад 65 хувьд нь вирусний халдвар илэрсэн бол өнгөрсөн онд нөхөн үржихүйн 19-40 насны эмэгтэйчүүд болон өртөмтгий бүлгийн жирэмсэн 180 эмэгтэйг шинжилгээнд хамруулж, илэрсэн халдварыг эмчлэн эрүүлжүүлсэн байна. Түүчнлэн Дорнод аймагт жилд 1800-2000 эх амарждагаас арав хүртэлх нярай дутуу төрдөг.  

ОНХС-гийн санхүүжилтээр дээрх төслийг хэрэгжүүлж, ургийн халдварыг илрүүлэх TORCH оношилгооны шинэлэг аргыг нэвтрүүлжээ. Вирус болон өвчин үүсгэгчийг илрүүлдэг оношилгооны дэвшилтэт аргыг нэвтрүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зулбалт, өсөлтгүй жирэмсэн, амьгүй төрөлт, ургийн гаж хөгжил үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх нөхцөл бүрдэнэ.


Холбоотой мэдээ