Хөшигийн хөндий чиглэлийн нүхэн гарцыг камераар хянаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-17 14:28:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөрчлийг газар дээр нь тогтоох үүднээс нүхэн гарцуудыг 24 цагаар хянах камерын системийг байрлуулаад байна. Иймд Зам, тээврийн хөгжлийн төвөөс стандартаа мөрдөж, бусдын зорчих эрхэд саад болохгүй, мөн улсад хохирол учруулахгүйгээр тээвэрлэлт хийхийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.


Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-д заасны дагуу том оврын тээврийн хэрэгсэл ачаа ачихдаа өндрийн хэмжээгээ стандартаас хэтрүүлснээр нүхэн гарц, гүүрэнд механик эвдрэл үүсэж байна. Энэ зам нь олон улсын чанартай А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн 32,3 км урт тууш бөгөөд замын эхлэлээс 226 м, замын дунд хэсэг болох 7,6 дахь км дээр нийслэл, орон нутгийн зам давхцаж, нүхэн гарц, гүүрийн байгууламжаар тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг.


Өндрийн хэмжээгээ хэтрүүлсэн тээврийн хэрэгсэл тус нүхэн гарцыг удаа дараа мөргөж аюулгүй байдал, насжилтад нь сөрөг нөлөө үзүүлжээ. Үүнээс сэргийлэх үүднээс нүхэн гарцын урд хэсэгт өндрийн хязгаарлагчийг байрлуулсан ч мөн л эвдэж, сүйтгэх тохиолдол их байна. Иймд тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд, хувь хүмүүс стандартын хэмжээнд ачаагаа ачих шаардлагатай байгаа аж.                                                                    

Холбоотой мэдээ