ХОВД: "Шинэ Ховд” барилгын чуулганд 200 гаруй төлөөлөл оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-14 17:07:29

Жаргалант /МОНЦАМЭ/.  "Шинэ Ховд барилгын чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна.  

Тус чуулганд төр, хувийн хэвшлийн байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Чуулганы үеэр  Бүсийн хөгжил-Хот төлөвлөлт, газрын харилцаа, дэд бүтэц, барилгын материал үйлдвэрлэл, барилгажилт ба хөрөнгө оруулалт, захиалагчийн хяналт, барилгын норм норматив, стандарт гэсэн зургаан чиглэлээр салбар хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Чуулганы зорилго нь Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого", Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл, “Нээлттэй-Ховд” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангаж орон нутгийг хөгжүүлэхэд чиглэж буй.

Чуулганы нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа болон аймаг орон нутгийн бусад удирдлагууд оролцлоо.

 "Шинэ Ховд барилгын чуулган-2023" маргааш дуусна.

Ховд аймаг нь 2025 он гэхэд 2000 айлын орон сууцыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гаргажээ. Мөн цаашид томоохон үйлдвэр, шинэ суурьшлын бүс бий болгохтой холбогдуулан дулаан, эрчим хүч, ус хангамжийн шугам сүлжээнүүдийг өргөтгөх, цаашлаад авто замын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, Хашаандаа сайхан амьдаръя төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг олон асуудалд анхаарах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тухай мэргэжилтнүүд дээрх чуулганы үеэр хэлж байв. 

Холбоотой мэдээ