СҮХБААТАР: Хүүхдүүдэд уран бүтээлээрээ дамжуулан театрын боловсрол олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-14 14:27:18

Баруун- Урт /МОНЦАМЭ/. Орон нутагт хүүхэд багачуудад зориулсан соёлын үйлчилгээ тун цөөн. Тэгвэл дутагдаж буй энэ үйлчилгээг Монгол Улсын Хүүхэлдэйн театрынхан Сүхбаатарын хүүхэд багачуудад хүргэж байна. БШУ-ы сайдын тушаалаар батлагдсан заавал үзэх жүжгийн жагсаалтад багтсан дөрвөн жүжгийг мэргэжлийн уран бүтээлчид танилцуулж байна.  

Тодруулбал, цэцэрлэгийн насныханд Чоно ба долоон ишиг, Тэнэг бяцхан хулгана ЕБС-ийн 1-5 дугаар ангийнханд Алтан залаат азарган тахиа, Одноос төрсөн ханхүү зэрэг хүүхэд бүрийн нас сэтгэхүйд тохирсон, театрынхаа шинэ, шилдэг уран бүтээлүүдтэйгээ иржээ.

 

Манай театрын 75 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй байлгах зорилгоор баруун болон зүүн бүсээр аялан тоглолт хийж байгаа. Уран бүтээлээ хүүхэд багачуудад таниулахын зэрэгцээ энэ бол хүүхдүүдэд театрын урлагийн боловсролыг олгох, гоо зүйн мэдрэмжийг нь дээшлүүлэх гээд олон талын зорилго, ач холбогдолтой. Орон нутгийнхан, сургууль цэцэрлэгийн хамт олон, хүүхдүүд маань үнэхээр сайхан хүлээн авч байгаад баяртай байна гэж Монгол Улсын Хүүхэлдэйн театрын гадаад харилцааны менежер Э.Дөлгөөн хэллээ.  

Бага насныхан ихэвчлэн цахим орчин, телевизээс олон төрлийн контентыг үзэж, тэндээс бас суралцдаг гэхэд хилсдэхгүй. Үүнээс шалтгаалан дэлгэцийн хамаарал бүхий нүдний өвчлөл өсөх хандлагатай байгааг мэргэжлийн хүмүүс сануулдаг. Тэгвэл яг энэ мэт хүүхдүүдэд зориулсан уран бүтээл маш их хэрэгтэй байгааг эцэг эхчүүд илэрхийлж байлаа.

 

Холбоотой мэдээ