ӨВӨРХАНГАЙ: Дулааны станцын ажил 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр /МОНЦАМЭ/. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын
баг дулааны станцын явц
байдалтай танилцлаа.
Дулааны станцын ажил нь зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон барилга угсралтын гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд одоогоор нийт ажлын гүйцэтгэл 34.3 хувьтай байна.
Гүйцэтгэгч “Бьюксан Инженеринг” ХХК нь БНХАУ-аас зуухны 99 багц тоног төхөөрөмжийг татан авсан, зуухны угсралтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцыг барихдаа 11 дулаан дамжуулах төв, 8.3 км дулааны шугам сүлжээний ажлыг хамт хийнэ. Үүнээс дулаан дамжуулах төв, дулааны нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний ажлуудыг энэ онд гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эрчим хүчний дэд сайдын зүгээс станцын барилга угсралтын ажлын явцад талуудын хяналтыг сайтар тавьж, гарсан асуудлыг хугацаа алдахгүйгээр шийдвэрлэх, шугамын нүхийг ухахдаа аюулгүй байдлыг хангах, ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах үүрэг, чиглэлийг өглөө.
Мөн ажлыг удаашруулахгүйн тулд орон нутгаас бүх талаар дэмжиж ажиллахаа аймгийн Засаг дарга хэлсэн бөгөөд Монгол оронд дулааны улирал богинохон учраас цаг, нартай уралдаж ажлаа амжуулдаг болохыг төсөл хэрэгжүүлэгчдэд сануулав.