ГОВЬ-АЛТАЙ: Тогтвортой санхүүжилтийн холбооны ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-11 15:10:35

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Пипл Ин Нийд ОУТББ болон Тогтвортой санхүүжилтийн холбооны ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.


НҮБ-ын Хүүхдийн сангаас Пипл ин Нийд ОУТББ, Тогтвортой санхүүжилтийн холбоо, ШУТИС-тай хамтран тус аймагт монгол гэрт зориулсан “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц” нэвтрүүлэх төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Монголын ирээдүй хойч үе бохирдолтой агаар болон байгаль цаг уурын ширүүн нөхцөлд амьдарч, нөлөөлөлд нь тогтмол өртдөг учраас эрүүл мэнд, оюун ухааны хөгжил болон аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийн хувьд дутагдалтай, эрсдэлтэй байдалд амьдарч байна. Яаралтай шийдвэрлэх арга хэмжээг авч, шийдлийг нэвтрүүлснээр дээрх асуудлаас сэргийлэх бүрэн боломжтой юм. Үүний тулд гэрт амьдардаг айл өрхөд зориулан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүн” ЧИП багцыг боловсруулж, практикт туршсан бөгөөд Говь-Алтай аймагт 2023 он хүртэл 627 өрхийг дулаалсан байна. Төслийн хүрээнд олон мянган хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулан, гэр бүлээрээ дулаахан, ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангаж, гэрийн дотор орчны агаарын чанарыг дээшлүүлсэн үр дүнтэй ажиллажээ.

ЧИП багц нь нүүрсээр галладаг уламжлалт зуухыг халж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн систем болон  ус, салхины хамгаалалттай нэмэлт бүрээсээр гэрийг дулаалдаг. Энэ бүгд нийлээд уламжлалт гэрийн эрчим хүчний хэмнэлт, дотоод агаарын чанарыг сайжруулахын зэрэгцээ гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа юм. 


Энэ удаагийн ажлын уулзалтаар төслийн тогтвортой байдлыг хангах болон багцын хөгжүүлэлтийн талаар төсөл хэрэгжүүлэх удирдлагын болон хэрэгжүүлэгч баг, мөн үйлдвэрлэгч нартай уулзалт хэлэлцүүлэг хийсэн тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ