ЗАВХАН: Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад ерөнхий үнэлгээ чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-11 15:00:48

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж сургалт явуулжээ.

Улиастай сумын 1, 7, 9 дүгээр цэцэрлэг дээр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, журмын дагуу цэцэрлэгт тохиолдож болзошгүй аюулын төрөл бүр дээр аюулын түвшин, зэрэг, эмзэг байдал, өртөнги, чадавхыг үнэлж эрсдэлийн түвшнийг тодорхойлсон.


Гамшгийн үнэлгээг хийснээр багш, ажилчдын гамшгийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх. Тухайн цэцэрлэгт тохиолдож болзошгүй аюул, эмзэг байдал, чадавхыг үнэлж эрсдэлийн түвшнийг тодорхойлсноор тухайн байгууллагын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бодитой төлөвлөх чухал ач холбогдолтой юм.



Тухайлбал дээрх цэцэрлэгүүд дээр гал түймэр гарах эрсдэл гэхэд, цахилгааны утас, залгуур, унтраалгын утас шалбарч, ил гарсан байх. Амархан шатах эд зүйл цахилгаан хэрэгсэлтэй ойр байх, нэг залгуураас олон цахилгаан хэрэгслийг замбараагүй залгах. Хийн зуухыг зааврын дагуу зөв хэрэглэхгүй байх. Объектын аврах гарцыг заасан тэмдэг тэмдэглэгээг байрлуулаагүй байх. Аврах гарцын зам, хаалга чөлөөтэй биш байх.


Цонхнууд төмөр тороор бэхлэгдсэн, хүн гадагш гарах боломжгүй байх. Галын хоргүй байх болон галын хор хангалттай хэмжээгээр байхгүй байх гэхчлэн эсрдэлтэй эмзэг байдлыг багш ажилчид өөрсдөө үнэлж сурсан. Ингээд аюулд өртсөн тохиолдолд, галын талаар холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх. Бага хэмжээний галыг унтраах, бусдаас тусламж хүсэх. Галаас аль болох хурдан холдох. Хүүхдүүдийг аюулгүй газарт авч очин тайвшруулах, хамт байсан хүмүүсээ бүртгэх. Цахилгаан хэрэгслийг салгах гэхчлэн нэн даруй хийх зүйлүүдийг багш, ажилчдад энэ сургалтаар зааж өглөө.


Ингээд хамтарсан үнэлгээний дагуу дунд болон эрсдэл ихтэй гарсан аюулд эрсдэлийг бууруулах, бага эрсдэлийн түвшинд шилжүүлэх урьдчилан сэргийлэх. Бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, төлөвлөгөөг нь сургалтад оролцсон багийн хамт боловсруулж,  мэргэжил арга зүйгээр хангаж зөвлөгөө өгсөн. Энэхүү сургалт мэдээлэлд гурван цэцэрлэгийн 40 гаруй алба хаагч оролцож гамшгийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, гамшгийн үед ажиллах төлөвлөгөөнд тодотгол хийж сурлаа. Цаашид аймгийн 11 сумын сургууль, цэцэрлэг дээр гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг үргэлжлүүлэн хийнэ.

Эдгээр газруудад,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 190 тогтоол “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” холбогдох дүрэм журмын талаар мэдээлэл өгч, сургууль, цэцэрлэгийн үнэлгээ хийх аргачлалаар ерөнхий үнэлгээг учирч болзошгүй гамшгийн аюул тус бүрээр тогтооно. Ингээд эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар заавар зөвлөмж өгч, үүрэг чиглэл өгөх юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ