ХОВД: 10 суманд алимын мод тарих боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-10 10:57:48

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалтыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг иргэн, аж ахуйн нэгж олон бий.  

Одоогийн байдлаар Ховд аймгийн Булган сум орон нутагтаа жимс жимсгэнэ тариалалтаар тэргүүлж байгаа бөгөөд алимын хэд хэдэн сортыг нутагшуулах ажлыг амжилттай хийж ирсэн туршлагатай. 

Тэгвэл өнөөдөр Булган сумын тэргүүний тариаланч Х.Балжинням алим тарих аргачлалаа иргэд олон нийтэд танилцуулах, туршлага солилцох, алимыг Ховдын брэнд бүтээгдэхүүн болгох зорилгоор анхан шатны сургалт зохион байгууллаа.

Ховд аймгийн ЗДТГ-ын ивээл дор "Шинэ Ховд" баруун бүсийн корпорац, "Ховд агро парк" төсөл болон "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөлтэй хамтран зохион байгуулсан энэхүү сургалтад хашаандаа алим тарих сонирхолтой иргэд хөдөлмөрчид болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцов.    


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймагт зохион байгуулсан  “Алимын мод тарих аргачлал” сэдэвт энэ удаагийн сургалт нь танхимын болон практик хосолсон хэлбэрээр өрнөснөөрөө онцлогтой.

Өөрөөр хэлбэл, сургагч багшийн зүгээс алимыг хэрхэн зөв тарих талаар дадлага ажил зохион байгуулж, модны нүх бэлтгэх, алим тарих газрын сонголт хийх болон бусад анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч, талбай дээр ажиллалаа.

"Тус аймаг нь хөрсний бүтэц, усан хангамж сайтай, дулаан уур амьсгалтай байгаа нь алим тарихад давуу тал болж байна. Цаашдаа Ховд аймгийн 10-аад суманд алимын мод тарих бүрэн боломж бий. Алим тарьж ургуулах бол урт хугацааны хөдөлмөр" гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ. Одоогийн байдлаар Булган сумаас гадна Эрдэнэбүрэн, Манхан сумын иргэд алимын мод тарьж, туршиж эхэлсэн байна.   


А
лимын мод тарих иргэдийн тоо нэмэгдвэл дотоодын алимын хэрэгцээгээ хангах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болох боломж бүрдэх юм.  Мөн энэ чиглэлд иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, их дээд сургууль, коллежид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь чухал хэрэгцээтэй байгаа аж.  

 

Холбоотой мэдээ