ГОВЬ-АЛТАЙ: Иргэдийн оролцоог сайжруулах сургалтад 600 гаруй хүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-04 10:21:01

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "Орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо" сэдэвт чадавхжуулах сургалт Алтай хотноо болж байна.


Уг сургалтад аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгч, баг, сумдын Засаг дарга, ахмад, эмэгтэйчүүд, залуучууд гээд нийт 600 гаруй хүн оролцож байна.


Сургалтыг нээж Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат үг хэлж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох ажлуудын үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Тодруулбал, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн хүрээнд сурлагын амжилт гаргасан багш, сурагчдыг хэрхэн урамшуулж байгаа талаар онцоллоо. Жишээлбэл, "Гуравдугаар сарын 29-31-нд Говь-Алтай аймагт зохион байгуулсан Улсын физикийн 34 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг тус бүр 15 сая төгрөгөөр урамшууллаа.


Өнгөрсөн ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагчид болон багш, сургууль гэх мэтчилэн боловсролын салбарын шат шатны байгууллагын ажлыг мөн адил үнэлж урамшуулсан. Үүний тод жишээ ЭЕШ-д ахиц гаргасан гурван багшийг тус бүр 20 сая төгрөгөөр урамшуулсан билээ. Энэ нь тэдний хөдөлмөрийг үнэлэхээс гадна цаашид ажиллах урам зориг, бусад багш нарт үлгэр дуурайлал, орон нутгийнхаа боловсролын салбарт оруулж буй хөдөлмөрийг үнэлсэн явдал юм. Цаашид сумын удирдлагууд, холбогдох албаны та бүхэн орон нутгийнхаа боловсролын чанарыг сайжруулахад идэвх санаачилгатай оролцоорой. Хүнээ хөгжүүлж улс хөгжих учиртай" гэдгийг онцлон хэлсэн юм. 


Сургалт хүүхэд хамгаалал-иргэдийн оролцоо, Бэлэн байдалд Иргэдийн оролцоо, Нийгмийн эгэх хариуцлага ба иргэдийн оролцоо, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний сайжруулалт ба цахим платформыг иргэд ашиглах нь, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт сэдвүүдийн хүрээнд явагдана хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа. Үүний сацуу төрийн албан хаагчдыг монгол бичгийн цахим бичвэрт сургах үйл ажиллагааг эхлүүлж, сумдын "Сургагч багш"-ийг бэлтгэж байна.

Холбоотой мэдээ