ДОРНОД: Жирхэн дууч шувуу бол Монголын хамгийн жижиг шувуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-31 15:35:17

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Төв номын санд энэ өдрүүдэд “Дорнод аймгийн шувууд” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгээд байна. Үзэсгэлэнд бидний мэдэхгүй олон шувуудын зураг байгаагаас сонирхуулбал, жирхэн нэртэй Монголын хамгийн жижиг, шүдэнзний хайрцганд багтдаг дууч шувуу, гар утасны чичиргээ шиг дуугардаг усны хөх бух, бургасны уран шувуу, халбага нугас, лагс эргүү бор гэхчлэн нэрлэж болно.

Жирхэн дууч шувууны биеийн урт нь ердөө 9-10 см, 4.5-7.5 гр жинтэй, Дорнод аймгийн нутагт өндөглөн зусдаг. Харин сүүлийн жилүүдэд эрс цөөрч байгаа бургасны ураншувуу нь Монгол оронд Зүүн өмнөд Азиас олон зуун км-ийг туулан нүүдэллэн ирдэг цорын ганц нэхмэлчин шувуу аж. Эр шувууд нь түрүүлж ирж, үүрнийхээ суурийг тавих ба эмэгтэйчин шувуу нь эр шувуудаас шилж сонгосон хостойгоо хамт үүрээ нэхэж дуусгах гэж олон өдрийг зарцуулан таваас долдугаар сард өндгөө даран бойжуулдаг. Тухайн жил зассан үүрээ дараа жил нь ахин ашигладаг өвөрмөц зан төрхтэй шувуу юм.   

Үзэсгэлэнд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт харах боломжтой 75 зүйлийн шувуудын 78 гэрэл зураг багтсан бөгөөд шувуудын талаар танилцуулга хийж, илтгэл тавьж байна. Өнөөдрийн байдлаар энэхүү шувуудын гэрэл зургийн үзэсгэлэнг 300 гаруй хүн үзэж сонирхжээ.

Энэхүү үзэсгэлэнг Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Төв номын сан, “Дорнод” гэрэл зургийн холбоо, УТХГ-ын Дорнод хамгаалалтын захиргаа, Байгаль хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв болон ОХУ-ын Даурскийн дархан газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ