ХКН-ын Төв Хороо Ши Жиньпиний үзэл санааг нэвтрүүлэх шинэ кампанит ажил явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-31 14:27:10

БЭЭЖИН. /Renmin Ribao/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хороо шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл санааг судалж, нэвтрүүлэх бүх намын кампанит ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр шийдвэрлэлээ гэж ХКН-ын хэвлэл болох “Renmin Ribao” сонин өнөөдөр мэдээлжээ. 


Үзэл суртлын шинэ кампанит ажлыг явуулах шийдвэрийг пүрэв гарагт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлын үеэр гаргасан байна. Мөн албан тушаалтнуудын хувийн мэдээллийг бүрдүүлэхэд тавигдах шаардлагын талаар хэлэлцжээ. Хурлыг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин даргалсан байна.


Янз бүрийн түвшний удирдах албан тушаалтнуудыг голчлон оролцуулах төлөвтэй байгаа уг кампанит ажил нь “намын шинэ онолын утга санааг ашиглан үзэл бодол, хүсэл зориг, үйл ажиллагааны нэгдмэл байдалд хүрэх”, түүнчлэн “намын үндэс суурь болсон аугаа их үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд” чиглэнэ гэж хуралд оролцогчид онцлон тэмдэглэжээ. 

 

Намын бүх гишүүн эвлэлдэн нэгдэж, орчин үеийн социалист гүрнийг бүх талаар байгуулж, "хятад үндэстний агуу сэргэлтэд бүх талаар хувь нэмэр оруулах ёстой” гэж хурлын баримт бичигт онцолсон байна. 


Түүнчлэн намын нийт гишүүдийг ХКН-ын ХХ их хурлаас боловсруулсан үндсэн зарчмыг судалж, ойлгож, нэвтрүүлэх, мөн "хөгжлийн шинэ философийг хэрэгжүүлэхийг" уриалж, ХКН урьд өмнө үзэгдээгүй сорилт бэрхшээлийг даван туулах хэрэгтэй байгаа тул сонор сэрэмж, шийдэмгий байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэжээ. 


Улс төрийн товчооны хуралд оролцогчид мөн үзэл суртлын шинэ кампанит ажлын үеэр намын бүх гишүүн “гол цөм нь нөхөр Ши Жиньпин болох ХКН-ын Төв хорооны эргэн тойронд илүү нягтран нэгдэх ёстой” гэж цохон тэмдэглэсэн байна.   


Хувийн мэдээллээ өгөх шаардлагын хувьд энэ нь албан тушаалтнуудыг хатуу хянах, хяналт шалгалтын хэрэгсэл болох ёстой аж. "Эрх баригчдад хувийн мэдээллээ үнэн зөв өгөх нь албан тушаалтнуудын баримтлах ёстой улс төр, зохион байгуулалтын хэм хэмжээ юм" гэж "Жэньминь жибао" сонинд бичжээ. "Сайн дураараа хяналтад шалгалтад ороогүй" намын албан тушаалтнуудад ямар шийтгэлд оногдуулах талаар тус сонинд тодорхой тайлбарлаагүй байна.


Холбоотой мэдээ