ИБУИНХУ-тай хамтран кино бүтээх хэлэлцээр байгуулах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-31 09:14:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг Соёлын яаманд энэ сарын 30-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар, Монгол Улсын соёлын салбарт гарч буй соёлын тухай хууль тогтоомж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогод нийцсэн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Тухайлбал, Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүхий хууль эрх зүйн боломжтой болсон тул кино хамтран бүтээх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах талаар санал солилцов. Мөн Засгийн газар, Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж, Төрөөс дэмжлэг үзүүлэх тэргүүлэх чиглэлийг баталсан бодлогын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч ИБУИНХУ-тай хамтран ажиллах талаар ярилцав.

Мөн “Тамгагүй төр” жүжгийг ИБУИНХУ-ын Лондон хотын "Колизиум" театрт энэ оны 11 дүгээр сард тоглох болсон тул энэхүү ажлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ташрамд дурдахад, Монголын Үндэсний музей ИБУИНХУ-ын Кембрижийн их сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим, Дотоод Ази болон Монгол судлалын төвтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Монгол судлалын салбар дундын судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах, судлаач, ажилтан солилцох чиглэлээр ажиллах болсон бөгөөд энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод Монголын бөө мөргөлийн уламжлал сэдвийн хүрээнд тусгай үзэсгэлэн дэглэн Монголын үзэгчдэд толилуулна.

Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн цуглуулгаас гадна Кэмбрижийн Археологи, антропологийн музей болон Монгол судлалын төвтэй эрдэм шинжилгээ судалгааны түншлэл байгуулж, өнгөрсөн болон одоо байгаа уламжлалт анагаах ухааны тухай гэрэл зураг, видео материал, биет үзмэрүүд, Кэмбрижийн Археологи, антропологийн музейд Оуэн Латтимор, Этел Линдгрений гэрэл зургийн цуглуулга зэрэг түүхэн материалуудаас сонгон судалгааны баг орчин үеийн технологийн дагуу баримтжуулж үзэсгэлэнд дэлгэх юм.


Холбоотой мэдээ