ХОВД: "Бяцхан үрсдээ цаг гаргая" өдөрлөгт 190 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-30 19:08:16

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Жаргалант  сумын 14  дүгээр цэцэрлэг 25 багш, ажилтантай. 

Хүүхдийн хөгжилд эцэг эх, асран хамгаалагчдын оруулж буй хувь нэмэр хамгаас чухал байдаг.
 Иймээс 14 дүгээр цэцэрлэг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нартай байнгын уялдаа холбоотой ажиллаж, хүүхэд хөгжүүлэх зарим үйл ажиллагаандаа татан оролцуулах, цэцэрлэг-хүүхэд-эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан холбоог бэхжүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор "Бяцхан үрсдээ цаг гаргая" сэдэвт өдөрлөгийг долоо хоногийн турш зохион байгуулж байна.   

Эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд өдрийн дэглэмийн үйл ажиллагааны хуваарийн дагуу хүүхдэд олгох дадал хэвшил, хүүхдийг хөгжүүлж буй сургалт үйл ажиллагаануудаа нэг бүрчлэн танилцууллаа.

Энэхүү өдөрлөгийг 2023 он гарснаас хойш анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.


Цэцэрлэгийн хамт олон хүүхэд багачуудыг хөгжүүлэхийн зэрэгцээ багш ажилтнуудынхаа хөгжлийг дэмжиж, боловсролын салбарт  хэрэгжүүлж буй  дүрэм журам, стандарт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ирсэн туршлагатай.

Үүний зэрэгцээ англи хэлний хичээл, ардын уламжлалт "хорол" тоглоомоор дамжуулан  хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар хөтөлбөр боловсруулан сургалтын төлөвлөгөөндөө үе шаттай тусган хэрэгжүүлж байна.   

Дээрх өдөрлөгийн явцад 14 дүгээр цэцэрлэгийн "хүүхдийн хоол үйлдвэрлэл"-ийн багийнхан ажлаа танилцуулж, зарим хоол хүнсний дээжээр амталгаа явуулсан. 

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн хоол хүнсний илчлэг хангалт, түүний нэр төрөл болон чанарын байдалд үнэлгээ өгөх, эцэг эхчүүдээс санал авах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. 

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл учраас 14 дүгээр цэцэрлэгийн хамт олон өдрийн дэглэмийн дагуу хүүхдийн хоол хийхдээ давс, элсэн чихрийн зохистой хэрэглээг хангахад онцгой анхаарч байна.

Өдөрлөгт тус цэцэрлэгт сурч, хүмүүжиж буй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл 190 гаруй хүн хуваарийн дагуу оролцжээ.   

 

Холбоотой мэдээ