ДОРНОД: "Эх орондоо л очихсон" баримтат кино өнөөдөр Дорнодынхны хүртээл болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-30 09:28:59

Чойбалсан /МОНЦАМЭ/. Коронавируст цар тахлын хөл хорионы үед хилийн чанадад гацсан иргэдийн цөхрөл, итгэл найдвар, цаашлаад туулсан зам, үзсэн хагацлын тухай бодит үнэнийг өгүүлдэг "Эх орондоо л очихсон" баримтат кино өнөөдөр Дорнодынхны хүртээл болно. Энэхүү киног "Зөвийг шүгэлдэгчид" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын залуучууд санаачилж, Zoljargal and Son filmтэй хамтран бүтээжээ.

Кино зохиолыг МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал бичиж, гүйцэтгэх продюсороор Б.Ганзориг, найруулагчаар З.Батбилэг, туслах найруулагч, редактораар М.Батцэрэн, зураглаачаар Э.Тэмүүжин, дууны найруулагчаар Г.Батмөнх нар ажиллажээ.

"Зөвийг шүгэлдэгчид" НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, кино продюссер Г.Эрдэнэзул: "Ковид цар тахлаас бид маш олон зүйлийг сурсан. Үүнээс хамгийн чухал нь хүнд хэцүү цаг үе хэзээ ч тохиолдож болно. Тэр үед төр засаг, иргэн гэлгүй хэн ч байсан хүнлэг, хүний эрхийг дээдлэгч, бие биенээ хайрладаг байгаасай хэмээн кино урлаг тэр дундаа баримтат киногоор дамжуулан илэрхийлэхийг зорьсон" гэв. 

"Эх орондоо л очих сон" баримтат кино өнөөдөр 18.00 цагаас Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт ганцхан удаа үзэгчдийн хүртээл болно. Орон нутгаас Дорнод аймгийг зорин ирж, киногоо үнэ төлбөргүйгээр үзүүлэх гэж байна.

Кино багийнхан өнгөрсөн оны нэгдүгээр сард Улаанбаатар хотноо киноны нээлтээ хийснээс хойш нийслэлд болон Япон, Солонгос улсад суугаа монголчуудаа зорин очиж үзүүлжээ.

Тэд цаашдаа ч хамтран нийгэмд тулгамдаж буй асуудал болон хүний эрхийн чиглэлээр жил бүр баримтат кино хийж, нийгэмд шүгэл үлээхээр зорьж байгаа юм.

Холбоотой мэдээ