СҮХБААТАР: Сүхбаатарын хүүхдүүд спортын 11 төрлөөр өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-28 14:24:36

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт Хүүхдийн спортын анхдугаар наадам болж байна. Спортын 11 төрөлд ерөнхий боловсролын 13 сургуулийн 700 гаруй тамирчин өрсөлдөж байна. Наадам дөрөв дэх өдрөө сагсан бөмбөг, дугуйн уралдаанаар үргэлжилж байна.



Усанд сэлэлт, ширээний теннис, дугуйн уралдаан, волейбол, сагсан болон хөл бөмбөг, самбо, жудо, хөнгөн атлетик зэрэг спортын бүхий л төрлөөр явуулж буй анхдугаар наадамд сум, сургуулийн багш, сурагчид маш их ач холбогдол өгч, бэлтгэл сургуулийг ч сайн хийжээ. Тэмцээн төрөл тус бүр дээр хурд, хүчний өрсөлдөөн ихтэй болж байгааг зохион байгуулагчид хэлж байна.

 

Сүхбаатар аймаг жил бүр тодорхой журмын дагуу багийн болон ганцаарчилсан спортын төрөлд улс, тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргасан баг тамирчдыг урамшуулж, дэмжлэг үзүүлж байгаа нь тэдэнд маш том урам зориг, амжилтын хөшүүрэг өгсөн үйл явдал болдог. Орон нутгийн зүгээс цаашид нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч, спортын салбарт хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийж байгааг аймгийн Засаг дарга М.Идэрбат наадмын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолж байв.

Тодруулбал, ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолборын барилга, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар спорт заал ашиглалтад орно. Мөн орон нутгийн төсөвт тодотгол хийж, богино хугацаанд маш их амжилтуудыг гаргаж буй спортын төрөлд тоног төхөөрөмжийн дэмжлэгийг ч үзүүлнэ. Ингэснээр тамирчдын бэлтгэл сургууль хийх боломж, орчин нөхцөл сайжирна гэдгийг онцоллоо.

Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жилийн хүрээнд зохиож байгаа тус наадам таван өдрийн турш үргэлжилнэ.

 

 

Холбоотой мэдээ