У.Хүрэлсүх: Хүн тархиндаа ч, хөрсөндөө ч мод тарих учиртай. Энэ хоёр хоршиж байж бидний зорилт хэрэгжиж биелнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-03-24 11:33:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр 10.2 сая мод тариад байна. Монголчууд 2030 он хүртэл мод тарилаа ч энэ нь орхих зүйл биш. Бид зуу зуун жил тэрбум тэрбумаар мод тарих ёстой. Монголчууд мод тарих нь дэлхийн хүн амын сайн сайхан амьдралд хувь нэмрээ оруулж буй үйлс хэмээн ойлгох учиртай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр болж буй усны салбарын “Цэнхэр Алт” Үндэсний нэгдсэн чуулганыг нээж үг хэлэхдээ онцоллоо.


Тэрбээр, гол усны эхэнд, ойн усны сан бүхий газарт уул уурхай эрхлэхийг хатуу хориглож, гол мөрний эх татмын ойг нөхөн сэргээх, ойн талбайг нэмэгдүүлэх замаар усны нөөцийг бүрдүүлэх, хамгаалах шаардлага нэн чухал байгааг тодотгов. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нууранд живсэн автомашинуудыг 2024 онд бүрэн татан гаргаж, нуурын усыг бохирдлоос хамгаалахаар зорин ажиллаж байгааг онцлов.


Монгол Улсын Ерөнхийлөгч "Модыг хөрсөнд, мөн хүний тархинд, хоёр янзаар тарьж болно. Энэ хоёр хоршиж чадвал бидний зорилт хэрэгжиж биелнэ. Хүн ардаараа мод тарихын ач тусыг ойлгож мэдэрч, мод тарих сэтгэлтэй болж, байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг иргэдийнхээ сэтгэл зүрхэнд бий болгох ёстой. Соён гэгээрүүлэх ажлаа сайн хийж хүний уураг тархинд мод тарих ёстойМонголчууд бид 2030 он хүртэл мод тариад орхих зүйл биш. Бид зуун зуун жил тэрбум тэрбумаар мод тарих ёстой. Монголчууд мод тарих нь дэлхийн хүн амын сайн сайхан амьдралд хувь нэмрээ оруулж байна хэмээн ойлгох учиртай" гэсэн юм


Цаашид төр, засгаас усны салбарын эрх зүйн орчны боловсронгуй болгох Усны тухай, Ус ашигласны төлбөрийн тухай  болон холбогдох хуулиудыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана гээд, усны гачигдалгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын төлөө төр засаг, ард иргэд нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уламжилж, цаашид усны салбарын тулгамдсан асуудлаар төр, засгаас баримталж буй бодлогын талаар мэдээллээ. Тэрбээр, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд, томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийж, бороо, цас, мөсний усыг хуримтлуулж нөөцлөх, усан санг говь, тал хээрийн ууршил ихтэй бүсэд усыг нөөцлөн дамжуулах далд систем барьж байгуулахаар тусгасан гэв. Мөн Монгол Улсын “Ногоон хөгжил”-ийн зорилтод:

  • 2021-2030 онд усны нөөцийн шаталсан үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэн, цэвэр усны үнэлэмжийг нэмэгдүүлэн хамгаалах, усны нөөцийг хуримтлуулах,
  • 2031-2040 онд гэхэд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, усны хуримтлалыг нэмэгдүүлэ, хүртээмж, хангамжийг сайжруулах,
  • 2041-2050 он гэхэд байгалийн болон зориудаар арвижуулсан усны нөөциыг хяналттай, зохистой ашиглаж хэвшүүлэх 3 үе шаттай зорилтыг төр, засгаас бодлогын баримт бичгүүдэд тусгаад буйг танилцууллаа. 









Холбоотой мэдээ