ОРХОН: “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл Орхон аймагт хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-21 18:33:59
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Газар тариалангийн гаралтай хүнс, ундаа, ус үйлдвэрлэлийн салбарт “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл хэрэгжиж эхэллээ. Уг төслийг Европын холбооны "Свич-Эйшиа" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.

Төсөлд хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч хамрагдана. Тодруулбал, жижиг, дунд бизнес эрхлэгч 1500, Бизнесийн 30 холбоо, 750 борлуулагч хамрагдаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ ногоон шошго авах, байгальд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл эрхлэх, хог хаягдлаа багасгаж Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж ажиллах арга зүйд суралцана.

Ингэснээр, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглаж бохирдлыг багасган, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах Парисын хэлэлцээрийг Монгол Улс хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

"Свич-Эйшиа" хөтөлбөр 2022-2026 он хүртэл Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймагт хэрэгжих бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 2.2 сая еврогийн санхүүжилт олгож газар тариалангийн гаралтай ус, ундаа, хүнс үйлдвэрлэлд ногоон шошготой бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн хандлагыг өөрчлөхөд чиглэх юм.

“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл хэрэгжсэнээр, хүнс, ундааны салбар нэгдсэн бодлоготой болох, ногоон шошгожуулалтын стандарт нутагших нөхцөл бүрдэнэ. Мөн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ  ногоон тэмдгийг нэвтрүүлэх, ногоон гэрчилгээтэй болно.

“Тариаланчаас таны ширээнд” уриатай “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг Монгол Улсад “Пипл Ин Нийд”, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, Хөгжлийн шийдэл ТББ, “Каритас Чех Репаблик” ТББ хамтран хэрэгжүүлж байна.


Холбоотой мэдээ