ӨМНӨГОВЬ: Монголын хөлбөмбөгийн холбооны төлөөллүүд аймгийн удирдлагуудтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-17 19:46:49

Даланзадгад /МОНЦАМЭ/ Монголын хөлбөмбөгийн холбооноос 21 аймаг дахь гишүүн холбоодтой тулж ажиллах зорилт тавин, орон нутгуудаар зочлон уулзалт зохион байгуулж байна.

 

Тус ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаатай танилцаж аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.  Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуусын тоо ихээр нэмэгдэж байгаа. Аймгийн БТСГ-аас хөлбөмбөгийн дугуйлан секцийг хичээллүүлэн өсвөрийн болон насанд хүрэгчдийн шигшээ багийг бүрдүүлэн улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож байна.

 

Аймгийн Хөлбөмбөгийн холбоо нь 2014 онд байгуулагдан үйл ажиллагаагаа тогтмол явуулж насанд хүрэгчдийн Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр, гадаа талбайн улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтуудыг гаргажээ.

 

Хөлбөмбөгийн дугуйланд насанд хүрэгчид болон хүүхдүүд нийлээд тогтмол 70-80 хүн хамрагдан бэлтгэл сургууль хийдэг.

 

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж Монголын Хөлбөмбөгийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзан цаашид хамтран ажиллах, багийн спортын төрлийг орон нутагтаа хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ