Түмэнцогт сум шинэ хичээлийн байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-02 10:08:17

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Улсын тэргүүний Бүрэн дунд сургууль шинэ хичээлийн байрыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авчээ. Шинэ байрныхаа нээлтийг өнөөдөр буюу 9 сарын 1-ний өдөр хийж, шинэ сургуульд хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хүчин чадалтай гурван давхар бүхий хичээлийн байрыг ийнхүү барьж ашиглалтанд оруулжээ.

Түмэнцогт сумын Улсын тэргүүний Бүрэн дунд сургууль нь 486 сураглцагч, 49 багш ажилчидтайгаар 2016-2017 оны хичээлийн жилээ эхлүүлж байна. тус сургуульд энэ жил 6 настай 54 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орсон байна.

Өнгөрсөн хичээлийн жилд бага болон дунд боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сурагчдаа бие хүн болгон төлөвшүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажилласан хэмээн сургуулийн захирал Г. Амгаланжаргал хэллээ. Мөн тэрээр шинэ хичээлийн байртай болсоноор хүүхдүүдийн маань сурч боловсрох, багш ажилчдын ажиллах таатай орчин нөхцөл бүрдэж байна. Хамгийн гол нь багш сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, урлаг, сурлага, спортоор амжилт гаргах боломж бүрдэж байна гэдгийг хэлсэн юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ