СҮХБААТАР: Гэр дулаалгын чип багц олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-09 13:11:06

Баруун-Урт /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Баруун-Урт сумын 43 өрхөд "чип" багц олгов.

Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн зэрэг хэрэглэгдэхүүн уг багцад багтжээ. Мөн төсөлд Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Уулбаян сумын гэр цэцэрлэгүүд хамрагдсан юм.


Сүхбаатар аймгийн хувьд нийт иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Богино хугацаанд бүгдийг орон сууцаар хангах боломжгүй учир гэр хороололд амьдарч байгаа иргэдээ хэрхэн ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах боломжтой вэ гэдгийг судалсны үндсэн дээр уг багцыг нэвтрүүлэхээр болжээ. Эхний ээлжинд Баруун-Урт сумын, монгол гэрт амьдардаг төрийн албан хаагчдыг сонгожээ. Эдгээр өрхүүдэд гарсан үр дүнд үндэслэн дараагийн ээлжийн багцыг айл өрхүүдэд шат дараатай олгох аж. Аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ, НҮБ-ын хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй гэр дулаалгын төсөл хямд бөгөөд маш зөв шийдэл гэж харж байгаа. Мөн агаарын бохирдолтой тэмцэхэд хамгийн үр дүнтэй гэж үзэн хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд сонгосон өрхүүдийн тухайд цаг завгүй ажилладаг төрийн албан хаагчид болон хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхүүд багтсан. Энэ багцыг ашиглахад тогны ашиглалтын зардал сард дунджаар 70-80 орчим мянган төгрөг гарна гэж тооцсон. Тиймээс энэхүү зардлыг даах боломжтой өрхүүдэд олгосон гэлээ.  

Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан хэлэхдээ, "Сүхбаатар аймагт олон салбарт хамтран ажиллах боломж байгаа. Үүний нэг нь монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийнчипбагцыг хүлээлгэн өгч буй явдал гэж үзэж байна. Энэхүү төслийг цаашид 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэсэн юм.

Ажлын хэсгийнхэн Баруун-Урт суманд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багцын мэдээллийн гэр төвийг байгуулж, төсөлд хамрагдсан иргэдэд багцыг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч байлаа.


Холбоотой мэдээ