NASA "Crew Dragon" хөлгийг хөөргөхөө хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-27 16:22:16

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Флорида муж улсаас сансрын жолоодлогот “Crew Dragon” хөлгийг даваа гарагт Олон улсын сансрын станц руу хөөргөх ёстой байсан “Falcon 9” пуужингийн хөөргөлтийг хойшлуулжээ.  


АНУ-ын сансар судлалын NASA агентлагаас мэдээлснээр, газрын удирдлагын системд гарсан доголдлоос болж , "Crew 6”  багийг ОУСС руу илгээхээ хойшлуулсан байна. 


Хөлгийн багийнхан сайн байгаа бөгөөд пуужингийн түлшийг буулгасны дараа багийн гишүүд хөлгөөс бууна гэж “SpaceX” корпорац Twitter” хуудсандаа мэдээлжээ.


Crew Dragon” сансрын хөлгөөр “NASA”-ийн хоёр сансрын нисгэгч буюу хөлгийн дарга Стивен Боуэн, сансрын нисгэгч Вуди Хобург нараас гадна Арабын Нэгдсэн Эмирт Улсын сансрын нисгэгч Султан Аль-Нейади, Оросын сансрын нисгэгч  Андрей Федяев нарыг ОУСС руу илгээх юм. В.Хобург, С.Аль-Нейади нарын хувьд анх удаа сансарт ниснэ.



ОХУ-ын гурван сансрын нисгэгчийг Америкийн “Crew Dragon” хөлгөөр, АНУ-ын гурван сансрын нисгэгчийг Оросын “Союз МС” хөлгөөр тус тус ээлжлэн нисгэх тухай "Роскосмос" болон NASA-гийн хооронд өнгөрсөн онд байгуулсан гэрээний дагуу А.Федяев энэ хөлгөөр нисэх аж.


Үүнээс өмнө дээрх гэрээний дагуу Америкийн хөлгөөр Оросын Анна Кикина ОУСС руу нисжээ. Одоо тойрог замд ажиллаж буй олон улсын 68 дугаар багийн бүрэлдэхүүнд А.Кикинагаас гадна АНУ-ын Николь Манн, Дош Кассада, Франциско Рубио, Японы сансрын нисгэгч Ваката Коичи,  Оросын сансрын нисэгч Сергей Прокопьев, Дмитрий Петелин нар байгаа юм. 

Холбоотой мэдээ