ХОВД: Дарви сумынхан 400 га талбайн услалтын системийг сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-27 10:07:47

Дарви /МОНЦАМЭ/. Алслагдсан бүс нутгийн иргэдийг чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилгоор Ховд аймгийн хэд хэдэн суманд газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, услалтын системийг сэргээхээр ажиллаж байна. 

Дарви сумын тухайд 1990-ээд онд 500 га талбай бүхий услалтын системтэй байсан. Үүнийг 2016 онд сэргээж, 400 га талбайд эрүүл, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо тарьдаг болжээ.

Энэхүү ажилд гар бие оролцож, орон нутгийн тариаланчдаа манлайлан ажиллаж байгаа иргэдийн төлөөлөл бол Дарви сумын Дэлгэр багийн тариаланч Б.Моломжамц, түүний гэргий Б.Оюун-Эрдэнэ нар юм.

Тэд газар тариалангийн салбартай холбогдоод 15 жил болж байна. Анх 2017 онд Ховд сумын тариаланчаас үр авч, ногоо тарих аргачлалд суралцаад 100 гаруй тонн тарвас хураан авч байжээ. Үүндээ урамшин тариалалтын ажлыг орхилгүй тогтмол хийж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх болсон байна.

Эдүгээ 15 га талбайгаас 1 тонн гаруй хөх тариа хураан авдаг бөгөөд 1 га талбайгаас 12-13 центнер хүнсний ногоо хураан авч байна. Улирлын чанартай 15 хүнийг ажлын байраар хангахаас гадна сургууль, цэцэрлэг, сумын иргэдэд хүнсний ногоо нийлүүлж, жилдээ 30-40 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг байна.

Тариаланчид цаашид тариалалтын талбайгаа өргөжүүлэх, жимс жимсгэнэ тариалах, сум орон нутагт хараахан бий болоогүй байгаа шинэ сортыг нутагшуулах гээд олон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаа илэрхийллээ.


Ташрамд дурдахад, Дарви сумын Дэлгэр багийн тариаланч Б.Моломжамц, түүний гэргий Б.Оюун-Эрдэнэ нар Сар шинийн баярын өмнө (2023.02.18) "Аймгийн аварга тариаланч" цол хүртсэн юм. 


Холбоотой мэдээ