ОХУ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд оролцохоо зогсоож байгааг мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд (START) тус улс оролцохоо түр зогсоож байгааг мэдэгдлээ.
В.Путин энэ тухай хоёрдугаар сарын 21-ний мягмар гарагт Холбооны улсын хурал буюу парламентдаа жил тутмын илгээлтээ тавих үеэрээ мэдэгдсэн байна. Тэрээр мөн цөмийн туршилтад бэлтгэхийг Батлан хамгаалах яамдаа болон төрийн өмчит цөмийн эрчим хүчний “Росатом” корпорацад үүрэг болгожээ.
"Стратегийн давшилтын зэвсэглэлийн гэрээнд Орос улс оролцохоо зогсоож байгааг би өнөөдөр зарлахаас өөр аргагүй байна. Би давтан хэлье, ОХУ энэ гэрээнээс гарахгүй, оролцоогоо түр зогсоож байна" гэж Оросын төрийн тэргүүн хэлсэн байна.
Үүний зэрэгцээ В.Путин ОХУ уг гэрээний хүрээнд ажлаа үргэлжлүүлэхийн тулд НАТО-гийн нийт цохилтын зэвсгийг хэрхэн харгалзан үзэх талаар ойлголттой болох ёстой гэдгийг цохон тэмдэглэжээ.
Хоёрдугаар сарын эхээр НАТО ОХУ-аас START гэрээг “хэрэгжүүлэхэд эргэн орохыг”, тухайлбал, цөмийн батлан хамгаалах байгууламждаа нэвтрүүлэхийг шаардаж байсныг тэрбээр сануулсан байна.
"Үнэндээ би үүнийг юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй байна. Энэ бол утгагүй жүжгийн нэг төрөл юм. Манай стратегийн нисэх хүчний баазад цохилт өгөх Киевийн дэглэмийн оролдлогод Өрнөдийнхөн шууд оролцож байгааг бид мэднэ. Одоо тэд бас манай батлан хамгаалах байгууламжийг шалгахыг хүсэж байна. Орчин үеийн нөхцөлд өнөөдрийн сөргөлдөөн бол зүгээр л ямар нэгэн утгагүй зүйл шиг сонсогдож байна" гэж В.Путин хэлжээ.
В.Путиний хэлснээр, Вашингтон цөмийн зэвсгийн туршилт хийх талаар эргэцүүлж байна. Чингэвэл Москва ч бас цөмийн зэвсэг туршина гэж тэрбээр хэлжээ. "Энэ нөхцөлд ОХУ-ын Батлан хамгаалах яам, “Росатом” Оросын цөмийн зэвсгийг туршихад бэлэн байдлыг хангах естой. Мэдээж хэрэг, бид түрүүлж хийхгүй, гэхдээ АНУ туршвал бид бас туршина" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.
START бол Орос, Америкийн цөмийн зэвсэгт хяналт тавьдаг цорын ганц гэрээ юм. Гэрээний хугацаа 2026 онд дуусна.
В.Путин мөн Украины дайнд Барууны орнуудыг буруутгаж, АНУ болон НАТО-гийн бусад орнууд Украинд зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг улам хурцатгана гэж анхааруулсан байна.
"Тэд дайныг эхлүүлсэн. Харин бид зогсоохын тулд хүч хэрэглэж байна" гэж тэрбээр парламентдаа жил тутмын илгээлтээ тавихдаа хэлжээ.
"2021 оны 12 дугаар сард бид НАТО-д аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний төслийг албан ёсоор илгээсэн боловч бүх байр сууринаас шууд татгалзсан хариу авсан. Тэр үед л түрэмгийллийг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн нь тодорхой болсон. Энэ аюул өдрөөс өдөрт нэмэгдсэн" гэж Оросын төрийн тэргүүн хэлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгааг шүүмжилж, Орос хариуг нь өгөх болно гэж анхааруулсан байна.
"Нэг зүйл хүн бүрд ойлгомжтой байх ёстой. Украинд алсын тусгалын системүүд ирэх тусам бид аюулыг хилээсээ холдуулахаас өөр аргагүй болно" гэж В.Путин мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч улс орных нь хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хүнд хэцүү гэж тодорхойлсон байна. "Өнөөдрийн илгээлтээ би улс орны хувьд хүнд хэцүү чухал цаг үед, дэлхий дахинд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд өрнөж, улс орон, ард түмнийхээ ирээдүйг тодорхойлох түүхэн чухал үйл явдлууд тохиож байгаа үед тавьж байна" гэж В.Путин цохон тэмдэглэжээ.
Тэрбээр мөн Барууны орнуудын удирдагчдад бүрэн итгэхгүй байгаагаа илэрхийлээд, барууны элитүүд “шударга бус худал хуурмагийн бэлгэдэл" болсон бөгөөд Оросыг төдийгүй ард түмнээ хууран мэхэлж байна гэж онцлон тэмдэглэжээ.
Одоогийн зорилт зорилго бол Оросын шинжлэх ухааны баазад суурилан шинэ зэвсэг үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх явдал гэж В.Путин тэмдэглэв.
Эдийн засгийн асуудлуудын талаар ярихдаа тэрбээр ОХУ-ын эсрэг авсан Барууны орнуудын хориг арга хэмжээ амжилтгүй болсон гэж мэдэгдэж, АНУ-ын доллароос хараат бус болохын тулд үргэлжлүүлэн ажиллахаа амлав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлал ёсоор ойрын жилүүдэд болон ирээдүйд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг хэрхэн үзэж байгаагаа тодорхойлсон жил тутмын илгээлтээ Холбооны улсын хурал буюу парламентдаа тавьдаг. Энэ удаагийн илтгэлээ тэрбээр Москва хотын "Гостины двор" худалдааны төвд тавьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд Холбооны улсын хуралдаа үг хэлж байв.