Yonhap: Монгол Улс, БНСУ газрын ховор металл нийлүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-02-15 14:27:34

СӨҮЛ. /Yonhap/. Монгол Улс, БНСУ цагаан тугалга, никель болон бусад ховор металлыг нийлүүлэх сүлжээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо гэж БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээллээ.


Монгол Улсын Уул уурхайн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Аж үйлдвэрийн дэд сайд Пак Ил Жун нар Сөүл хотноо гарын үсэг зурсан харилцан ойлголцлын уг санамж бичигт нөөцийн хайгуул, технологийн хамтын ажиллагаа, боловсон хүчин болон мэдээлэл харилцан солилцох хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор ховор металлын салбарын хоёр талын хамтын ажиллагааны хороо байгуулахаар тусгажээ.


Сайд нарын түвшний энэхүү хороог энэ ондоо багтаан Засгийн газар болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд, төлөөлөгчдийг оролцуулан байгуулах бөгөөд жил бүр хуралдаж хэлэлцүүлэг хийнэ гэж Аж үйлдвэрийн яам мэдээлсэн байна.


БНСУ нь дэлхийн хэмжээнд өрсөлдөөн ширүүсэж, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд асуудлууд тулгарах болоод байгаа энэ үед гол ашигт малтмалыг тогтвортой хангахын тулд нөөц баялаг ихтэй улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ажиллаж байгаа юм.


Харин Монгол Улс нь молибден, никель зэрэг төрөл бүрийн ховор металлаар баялаг нөөцтэй орон юм. Түүнчлэн газрын ховор элементүүдтэй гэж таамаглаж байгаа боловч технологи, дэд бүтэц хангалтгүй байгаагаас олборлолт, хайгуулын ажил хязгаарлагдмал байгааг холбогдох албаныхан хэлж байна.


“БНСУ тэдгээр ашигт малтмалыг олборлох, боловсруулах дэвшилтэт технологитой тул хоёр талын хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байх болно” гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Холбоотой мэдээ