Б.Бат-Эрдэнэ: ЭСЯ, Консулын газрынхандаа жуулчин татах талаар үүрэг өгч байгаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орныг тойроод 3 цагийн бүсэд 238 сая жуулчин бий. Эдгээрийн 121 сая нь хамгийн идэвхтэй жуулчилдаг буюу 1983-2000 онд төрсөн иргэд. Тэд цахимаар мэдээллээ авч, аяллын бүтээгдэхүүнээ сонгодог, интернэт орчинд идэвхтэй тул дэлхийн аялал жуулчлалын зорилттот зах зээл болоод байгаа. Манай улс энэ жуулчдын нэгхэн хувийг авахыг зорьж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байлаа.
Засгийн газраас 2023,
2024, 2025 оныг “Монголд
зочлох жил” болгон зарлан, 2023 онд нэг сая жуулчин авахаар
төлөвлөөд байгаа талаар сайд Б.БатЭрдэнээс тодруулсан юм.
-Нэг сая
жуулчин авахад төр ямар бодлого барьж, юунд түлхүү анхаарч байгаа вэ?
-Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг сэргээж, 1 сая жуулчин авахын тулд төрөөс зочлох жилийг зарлаж, бэлтгэлээ базаан, салбарын эрх зүйн шинэчлэл, автотээврийн либералчлал хийж, үйлчилгээний байгууллагын стандарттай холбоотой асуудлыг хөндөж байна. Манай улсын газар нутгийн 21 хувь нь тусгай хамгаалалтад байдгийг эдийн засгийн үр өгөөжтэй болгох, мөн салбарын 52 холбоо нэгдэн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулахыг зорьж байна. Үүнээс гадна үйлчилгээний байгууллагууд жуулчин хүлээн авахад бэлэн үү, үнэ тариф, бараа бүтээгдэхүүний танилцуулга ямар хэлээр байна, соёл нь аль түвшинд байна, төр ТББ ямар хэлбэрээр хамтран ажиллах боломжтойд анхаарч байгаа. Өмнө нь төр, хувийн хэвшил тусдаа ажиллаж ирсэн бол энэ удаад зайлшгүй хамтарч байж энэ ажлын ард гарна. Жуулчин ирснээр агаарын тээвэр, зам тээвэр, дэлгүүр, зочид буудал зэрэг маш олон үйлчилгээ авдаг учир салбарын уялдаа холбоог хангах нь чухал байгаа. Монгол Улсаа сурталчлахгүйгээр жуулчин олноор ирүүлэх боломжгүй. Иймд гадаад дахь ЭСЯ, Консулын газруудтай хамтран ажиллана. Тэдгээр байгууллага жуулчин авчрах тухай ярьж байгаагүй бол одоо БНТУ, БНСУ, Герман, Япон улсад суугаа ЭСЯ, Консулын газрынхандаа энэ талаар үүрэг өгч байгаа.
-Жуулчин
авахад агаарын тээвэр, тэр дундаа орон нутгийн нислэг чухал үүрэгтэй. Гэтэл манай
улсын хувьд орон нутгийн нислэг тогтмол бусаас гадна үнэ тарифын асуудал ч
хөндөгддөг. Үүнийг хэрхэн шийдэж байгаа бол?
-ЗТХЯ агаарын
тээврийн талаар тодорхой бодлого гаргаж байгаа. Дотоодын 4 авиа компанийн төлөөлөлтэй уулзсан. Одоогоор авиа компаниуд Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий чиглэлд зуны улиралд тогтмол нислэг үйлдэх саналаа ирүүлээд байгаа. Татаасыг тодорхой хэмжээнд
шийдэх талаар Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцэнэ.
Олон улсын
нислэгийн тухайд гадаад талтай агаарын тээврийн либералчлалыг боломжтой түвшинд хийж байна. Дотоодын агаарын тээвэрт нислэгийн тоо, чиглэл нэмэх, аль болох эдийн засгийн эргэлт
бий болгох менежментийн хүрээнд авиа
компаниудаа нисгэх боломжийг
судалж байгаа. Дотоодын авиа компаниуд олон улсын чиглэлд тодорхой
нислэгүүдийг нээж өгвөл тухайн нислэгийн ашгаасаа орон
нутгийн зардлаа даах боломжтойгоо илэрхийлж байгаа. Энэ тал дээр шийдэл гаргахаар хамтран ажиллаж байна. Түүнчлэн, олон улсын онгоцны
буудлын систем нэвтрүүлж, олон улсын зэрэглэлд шилжүүлэн, боомтын нэвтрэлтийг сайжруулна.
Манай улс энэ онд 1.5 сая хүн агаараар тээвэрлэхээр төлөвлөж байгаа. АНУ-тай шууд
нислэх үйлдэх агаарын тээврийн хэлэлцээрт удахгүй гарын үсэг зурна. Дэлхийн
транзит төв болсон “Qatar airways”-ийг Монголд оруулж ирнэ. Мөн “Japan airlines” зөвхөн зуны улиралд
ниснэ. БНСУ руу 7 онгоц нисэж байна, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өрнүүлсээр. Харин ОХУ-ын нөхцөл
байдлаас үүдээд нислэг хязгаарлагдмал байгаа.
-Аялал
жуулчлалын салбар цар тахлын үед тэг зогссоноос хүний нөөцөө хамгийн их алдсан
шүү дээ. Сая жуулчин хүлээн авахад хөтөч тайлбарлагчаас эхлээд боловсон хүчнээ
бэлтгэж амжсан уу?
-Богино хугацаа өнгөрсөн тул боловсон хүчнээ бүрэн хангах боломж гараагүй. 80 мянган хүн ажилладаг аялал жуулчлалын
салбар одоогоор 30 мянган хүний бааз суурьтай байна. Тавин мянга орчим хүн нөхөж авах шаардлага бий. Хөтөч тайлбарлагчийн холбоотой хамтран хүний нөөцөө нөхөх, төр
яаж туслах, хөтөч тайлбарлагчаа богино хугацаанд бэлдэхэд хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, сургуулийн багш нар
зуны улиралд амардаг тул
тэдэнд зориулан дагнасан сургалт зохион байгуулж, жуулчин олноор
ирдэг ганц хоёр сард хамтарч ажиллах байдлаар нөхөх боломжтой.
Манай улс энэ онд БНХАУ-аас 400, ОХУ-аас 250, БНСУ-аас 150, Япон улсаас 50 мянга, Герман, АНУ, Казахстан зэрэг бусад улсаас 150 мянган жуулчин авахаар төлөвлөөд байна.